• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ЦАХИМ НОМ ГАРЛАА
Хүний нөөцийг шилж сонгох, хуваарилах, сургаж хөгжүүлэх, түүнчлэн хүнтэй ажиллахад чиглэгдсэн өргөн хүрээний сэдвийг агуулсан “Төрийн албаны шинэтгэл” илтгэл, нийтлэлийн цахим номыг төрийн байгууллагын удирдлагууд, хүний нөөцийн ажилтнууд, нийт төрийн албан хаагчдад зориулан Төрийн албаны зөвлөлөөс эрхлэн гаргалаа.
Уг номд Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэх талаар Улсын Их хурал, Засгийн газар, төрийн байгууллагуудтай хамтран НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр явуулж ирсэн олон талт үйл ажиллагаа, иргэд, олон нийт, төрийн албан хаагчдыг соён гэгээрүүлэх, тэдний хандлага, соёлын өөрчлөлтийг түгээн дэлгэрүүлэх, хууль, тогтоомжийг сурталчлах чиглэлээр зохион байгуулсан онол, арга зүйн сэдвүүд дэлгэрэнгүй байдлаар орсон болно.
Төрийн албаны шинэтгэлийн үйл явц гүнзгийрэхийн хэрээр хүнтэй ажиллах арга барил улам бүр нарийсаж, хүний нөөцийн бодлого, төлөвлөлтөд уян хатан, уйгагүй, шаргуу, бүтээлч байдал шаардагдах болж байна. Хүн бүр харилцан адилгүй төдийгүй тэдний эрхэлж байгаа ажил бүхэн өвөрмөц онцлогтой байдагтай холбоотойгоор хүнтэй ажиллах арга барил, чиг хандлага хязгааргүй олон талтай, бүтээлч шинжтэй байдгийг энэ цахим номоос үзэх боломжтой юм.
Энэхүү цахим номд агуулагдсан төрийн албаны шинэтгэлийн үндсэн философи, үзэл санааг өөрсдийн ажлын туршлагаар улам баяжуулан авах, гээхийн ухаанаар хандахыг эрхэм Танаас хүсье.
Мэдлэгт суурилсан, судалгаанд тулгуурласан төрийн албаны шинэтгэлд оруулж буй Таны ажил үйлсэд амжилт хүсье!

 

2022-05-25 09:20:51