• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
"ЗӨВ ХАНДЛАГА-ЭЕРЭГ НӨЛӨӨ" АЯНЫ ДҮН ГАРЧ, ШАГНАЛ ГАРДУУЛЛАА.
Аймгийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн А/233 дугаар захирамжаар нийт төрийн байгууллагуудын дунд "ЗӨВ ХАНДЛАГА-ЭЕРЭГ НӨЛӨӨ" нэг сарын аян өрнүүлж, үр дүнг дүгнэлээ.
Аяны зорилго нь төрийн байгууллага, албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахин мөрдүүлэх, авлига ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг идэвхжүүлж, зөв харилцаа хандлагыг төлөвшүүлэх, шинэ санал санаачилгыг дэмжих замаар албан хаагчдын ёс суртахуунд эерэг нөлөө үзүүлэхэд чиглэсэн юм.
2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөр тасалбар болгон аяны тайланг ТАЗСЗ-д хүлээн авахад 50 байгууллагаас цахим болон цаасан хэлбэрээр тайлан, мэдээ ирлээ.
Аяны хүрээнд төрийн байгууллагууд олон шинэлэг ажил, арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд эдгээрийг багцлан дурьдвал:
- Хамт олны эерэг уур амьсгалыг бүрдүүлэх, бэхжүүлэх зорилгоор “Баярлалаа”, “Талархлаа”, “Уучлаарай”,“Талархлын мод”, “Урам хайрлах самбар” зэргийг ажиллуулсан байна.
- Ёс зүйн болон ашиг сонирхлын зөрчилгүй ажиллах сэдвийн хүрээнд байгууллагын хэмжээнд хэлэлцүүлэг, илтгэл, нөлөөллийн видео шторк, “онч үг” зохиох, хошин гар зураг, АСТ, АХА зэрэг тэмцээн уралдааныг зохион байгуулж, зарим үр дүнгээр бяцхан ном, видео танилцуулга гаргажээ.
- Мөн зарим байгууллага төрийн албан хаагчтай “Ёс зүйн гэрээ” байгуулж, Батламж гардуулан байгууллагын хэмжээнд “Шилдэг ажилтан, албан хаагч”-аа шалгаруулдаг болов.
- Ажлын байрны стрессээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2 байгууллагад сэтгэл зүйн сорил ажиллуулах, зөвлөгөө өгөх ажлыг нэвтрүүлж эхлээд байна.
- Үүнээс гадна олон нийтийн Фэйсбүүк сүлжээний frame-ээ аянтай уялдуулан өөрчилж, зөв хандлагыг түгээх нөлөөллийн арга хэмжээ авчээ.
Ажлын хэсгийн гишүүд аяны удирдамжид тусгагдсан 7 үзүүлэлтийн хүрээнд тухайн байгууллага, хамт олны өөрсдийн оролцоо, санал санаачилгаар хийж бүтээсэн ажил, арга хэмжээг дүгнэж, үнэлгээ өгөхөд Зуунмод сумын Засаг даргын Тамгын газар 31.25 оноо авч тэргүүн байр, Мөнгөнморьт сумын Ерөнхий боловсролын сургууль 31.2 оноо авч дэд байр, Монгол туургатан театр 31.0 оноо авч гутгаар байрыг тус тус эзлэв.
Шагналыг аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, ТАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга Г.Мөнхгэрэл, ХЭЗХ-ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ганхуяг нар өнөөдөр гардууллаа.
Цаашид дараах арга хэмжээг авч ажиллах саналыг гаргалаа.
1. Төрийн албан хаагчдын ёс зүйн хэм хэмжээ, шаардлагыг сахин мөрдүүлэх, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байлгах чиглэлээр урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх нөлөөллийн олон талт арга хэмжээг тогтмол зохион байгуулж хэвших.
- Үйл ажиллагааны үр дүнг иргэд, үйлчлүүлэгч, олон нийтэд түгээдэг байх.
2. Энэ чиглэлийн арга хэмжээнд инноваци нэвтрүүлж, өөрсдийн сайн туршлагыг аливаа хурал, зөвлөгөөн, уулзалтын үеэр төрийн болон бусад байгууллагууддаа цахим болон танхимын хэлбэрээр танилцуулах.
3. Аймгийн хэмжээнд аяныг жил бүр уламжлал болгон зохион байгуулж, төрийн байгууллагын оролцооны түвшинг харгалзан урамшуулал, хариуцлага тооцох.
ЁС СУРТАХУУН БОЛ ТАНЫ ҮНЭТ ЗҮЙЛ
2021-05-21 12:08:33