• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
Тоньюкукын гэрэлт хөшөөний бичээс, цогцолбор дурсгал

Түрэгийн хаант улсын гурван хааны зөвлөх байсан мэргэн сайд Тоньюкукт зориулан босгосон тахилын онгон бүхий дурсгал Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Баянцогт уулын баруун хойно Налайх хотоос зүүн тийш 15 километр, Ар жанчивлангийн сувиллаас баруун тийш 4 километрт оршино. 1957 онд доктор Н.Сэр-Оджав Тоньюкукын бунхант булшийг өмнөх судалгаануудаас арай илүү өргөн хүрээтэй малтан шинжилжээ. Судалгааны үр дүнд нэг эгнээ өрсөн хөх тоосгон хана бүхий барилгын нуранги гарчээ. Мөн шал нь битүү тоосгоор өрөгдсөн, вааран дээвэртэй байсан нь тодорхой болсон. Ханыг хар улаан, цагаан шаргал гэх мэт хурц өнгөөр будсан байсан. Олон ваар сав олдсоны ихэнх нь дэрэвгэр амсартай, хавтгай ёроолтой цар маягтай байжээ. Барилгын баганан дээр өтгөн хөмсөгтэй, том алаг нүдтэй, хурц соёотой, сартгар хамартай хүний нүүрийг дүрсэлсэн байсан. Тоньюкукын гэрэлт хөшөөний орчимд дээл өмссөн, ур хийц нь харилцан адилгүй 9 ширхэг саарал боржин хүн чулуу байсан. Цогцолбор дурсгалын өмнөөс зүүн зүгт цувуулан 1300 метр зайд 400 орчим цагаан чулуу байрлуулсан байсан бөгөөд тэдгээрийн зарим нь газар дээр ил харагддаг. 

Эртний Түрэгчүүд нас барагсдаа чандарлан оршуулахын зэрэгцээ тэдний сүнсийг амаржуулах зорилгоор тахилгын зан үйл зохион байгуулж, дараа нь эргэж байхаар тахилын онгоныг тусад нь байгуулдаг байжээ. Эдгээр онгон нь нас барсан хүний язгуур гарал, зэрэг дэвээс нь шалтгаалан их бага янз бүр байхаас гадна бүтэц, ур хийцийн хувьд өөр хоорондоо ялгаатай байдаг. Онгоны зохион байгуулалт нь дөрвөлжин хавтангаар хашлага босгоод өмнө нь хүн чулуу байрлуулж, хөшөөний өмнөөс уулын бэл хүртэл олон цагаан чулууг босгосон байдаг. Ингэж чулуу босгодог утга учрыг судлаачид хоёр янзаар тайлбарладаг. Эхнийх нь, онгоны эзэн эрийн дайн тулаанд алж устгасан дайсны тоогоор босгодог. Хоёр дахь таамаг нь, уг хүнийг оршуулах болон тахиж тайх ёслолд оролцсон хүмүүс өөрийгөө төлөөлүүлж босгосон билэг тэмдэг гэж үздэг.

 

Тоньюкукын цогцолбор дахь хоёр гэрэлт хөшөө нь 8 талт 62 мөр бичээстэй. 1 дүгээр хөшөөний өндөр нь 170 сантиметр, 2 дугаар хөшөөний өндөр 160 сантиметр. 1 дүгээр хөшөөнд 37 мөр,  2 дугаар хөшөөнд 25 мөр бичээс байдаг. Уг хөшөөг Түрэгийн сайд мэргэн Тоньюкук амьд сэрүүн ахуйдаа босгуулжээ. Хөшөөний бичээст: Мэргэн Тоньюкук өөрөө болон Түрэг улс нь Нанхиадын эрхэнд байсан учир Түрэг улс хаантай болох цагийг үзээсэй хэмээн санаж явсан. Дараагаар хаантай болсон авч удалгүй Нанхиадад дахин дагаар орсон зэргээс эхлэн дурджээ. Цаашлаад бусдын эрхэнд ороогүй хэсэг нь нэгдэхэд тэдний дайсан эргэн тойронд нь махчин шувуу мэт эргэлдэж өмнөдөд Нанхиад, дорнодод Кидан, умард зүгт Окуз лугаа олон дайсантай байгаад Киргиз, Тардуш, Согд болон бусад улстай хийсэн аян дайны тухай тодорхой дурджээ. Тэрбээр зөөлнийг нугалахад, нимгэнийг урахад хялбар. Улс аймаг буурай байхад эзлэхэд хялбар, харин хүчирхэг бол эзлэхүйеэ бэрх. Эзлэн авъя гэвэл баатар зориг хэрэгтэйг сургаж бичжээ. Ийнхүү Түрэгийн хаад болох Элтэрэс, Капкан, Билгэ-д хамаг чадлаараа хүчин зүтгэсний үрээр улс нь улс шиг болж, төр нь төр шиг болсныг тэмдэглэжээ.

2022-04-04 08:27:00