• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
Манзушир хийдийн туурь

МАНЗУШИРЫН БАЙГАЛЬ, СОЁЛЫН ДУРСГАЛТ ГАЗАР
Манзуширын хийд нь Богдхан уулын өвөрт байрладаг бөгөөд  Богд хан уул нь Монголын түүхэн тахилгат төдийгүй дэлхийн анхны дархан цаазат газруудын нэг юм. 1996 онд Юнеско-гоос “Дэлхийн шим мандлын сүлжээ”-нд оруулах шийдвэрийг гаргаж 1997 онд албан ёсоор баталгаажуулсан. 1733 онд Халх Монголын анхны Донхор Манзушир хутагт Агваанлувсанжамбалданзан лам  долоон  тангад ламын хамт нутаг шинжин яваад цагаан чулуугаар сийлсэн “Цагаан өвгөн”, хаш чулуу “Найдан” бурхан олдсонд “Билэг шинж үзэгдлээ” гэж үзэн ачит Дүйнхорын булгийн дэргэд Тулгат өвгөний буурь дээр шав тавьж,  богд ламын шан, сүжигтнүүдийн өргөл 800 лан мөнгөөр анхны сүмийг бариулж,  1747 онд дуусгасан нь энэ хийдийн эхлэл болжээ.   1748 онд   “Дашчойхорлон   (Өлзийт номын хүрдэн хийд)”  буюу Өвгөн лавринг, 1756 онд барьсан Цанидийн дуган, 1760 онд Бадам-Ёгын дацан, 1770 онд  Шар хүрээ (Богдын залрах ордон),  1780 онд  Хутагтын залрах Сэрүүн лаврин, 1866 онд баригдсан Машбат хэмээх оточ маарамбын дуган, 1892 онд Жүд,  Манба дацан, Майдар, Сэрсэм гэсэн  дацан сургууль зэрэг нийтдээ 17-21 өвөрмөц хэв маяг бүхий өөр өөрийн онцлогийг хадгалсан сүм дугантай байжээ.  Монгол Улсыг хамарсан их хэлмэгдүүлэлтэд Манзушир хийд өртөж, сүйдсэн. Хэлмэгдүүлэлтийн улмаас 290  жилийн түүхтэй Манзушир хийд эзгүйрч үлдсэнээс  зөвхөн Сэрүүн Лаврин сүмийн барилгыг сэргээн барьж музей болгон олон нийтэд үзүүлж байна.Уг хийдэд  нандин  шүтээн бурхан,  цам майдарын гоёл чимэг зэрэг гайхамшигт бүтээл олон байсны нэг нь 1907 онд  Манзушир хутагт Цэрэндоржийн захиалгаар  дархан гэцүл  Намжилдагвын 1460 лан алт, мөнгөөр бүтээсэн дэлхийд ганц алт мөнгөөр хийсэн  “Сандуй жүд” буюу нууц хураангуйн үндэс, “Дорж зодов” буюу Очироор огтлогч судар нь одоо улсын төв санд Монголын хосгүй үнэт үзмэрийн нэг болон хадгалагдаж байна. Хийдийн хойд талын хад цохионд “Богд Зонхов”, “Цагаан өвгөн”, “Оточ Манал”, Мял богд”, “Бурхан багш”, Цагаан, Ногоон Дари эх зэрэг 20 гаруй бурхны   сийлсэн  нь одоог хүртэл хадгалагдаж ирсэн ба хийдийн туурь  хадан дээрх бурхдыг Монгол улсын Засгийн газрын 1994 оны 233-р тогтоол, 1998 оны 235-р тогтоол  2008 оны 175-р тогтоол,  2020 оны  13-р тогтоолоор тус тус хамгаалалтад авсан. Зуунмод хотын Богдхан уулын  зүүн Зуунмодны аманд “Байгалийн музей”, Манзуширын хийдийн туурийг түшиглэн байгуулсан “Сэрүүн лаврин” шашны  музей гэсэн  салбартай ба улирлын чанартай /дулааны улиралд/ үйл ажиллагаагаа явуулж, аялагч, жуулчдад музейн үйлчилгээг хүргэж байна.
Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга,  БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал 1969 онд  Зуунмодны  ам,  Манзуширын хийдийн туурьтай танилцаад музей байгуулж, Зуунмодны амыг тохижуулах албан даалгавар өгсөн ба тэрхүү албан даалгаврыг хэрэгжүүлэхийн тулд барилгын ажлыг 1970 - 1971 онд дуусгаж, Төв аймгийн Ардын Депутатуудын Хорооны Гүйцэтгэх Зөвлөлийн шийдвэрээр 1972 онд байгалийн музейг ашиглалтад оруулсан. Тухайн үед “Орон нутаг судлах” музейн эрхлэгчээр ажиллаж байсан  БНМАУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн, зураач,  барималч Д.Шагдарсүрэнгийн урласан чулуу,  шилний үйрмэг, самрын яс, боргоцой, үртэс, цэцэг навч зэрэг байгалийн зүйлс ашиглаж хийсэн наамал бүтээлүүд, сэтгүүлч, сурвалжлагч О.Сумьяагийн модон сийлбэрүүд, Монгол улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, улсын анчдын нийгэмлэгийн гишүүн,  байгалийн түүхийн музейн мастер чихмэлчин Я.Цэвэл, Д.Дагиймаа   нарын хийсэн амьтдын чихмэлүүд дэглэгдсэн. Тус  музейн гадна Нийтийн тооллын     VI-VIII, XVIII- XIX  зуунд  холбогдох Түрэгийн үед хамаарах хүн чулуу, газар тариалангийн үйлдвэрлэлд хэрэглэж байсан XVIII- XIX  зууны  тээрмийн чулуу сүм хийдийн чимэглэл зэрэг дурсгалуудыг  үзнэ. Байгалийн музейн гадна байгаа том тогоог Д.Шагдарсүрэн асан Туулын гүний хүрээнээс  авчирч 1970-аад оны дунд үед байрлуулсан нь  музейн гол үзмэрийн нэг  болж үзэгчдийн сонирхлыг татсаар байна.Богдхан уулын   өвөрт  300 –гаад  жил оршсон Манзушир хийд нь XYIII- XX зууны эхэн үеийн  Монголын томоохон хийдүүдийн нэг байсан бөгөөд  одоо  хийдийн туурь нь үлдсэн.  Манзушир хутагтын зуны өргөө  “Сэрүүн лаврин”  музейг   Түүх соёлын дурсгалт зүйлийг сэргээн засварлах газраас 1989-1991 онд дахин барьж, Шашны музейг  1992 онд ашиглалтад оруулсан. Тус музейгээс Манзуширийн хийдийн 1920-оод оны гэрэл зургууд, сүм дуганы байршлыг харуулсан загвар,  бурхан шашны холбогдолтой үзмэрүүдийг үзэхээс гадна  хийдийн туурь  болон хийдийн ар талын  хадан дээр сийлсэн бурхдын хөргүүдийг үзэх болно.

2024-01-17 00:00:00