• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС, ШУУРХАЙ ШТАБЫН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛ БОЛЖ БАЙНА.
Манай аймгийн Борнуур, Жаргалант, Лүн, Эрдэнэсант, Сэргэлэн, Заамар сумдад цасны нягт 0.35 см-аас дээш, төмөр буюу мөсөн зудтай, Аргалант, Батсүмбэр, Баянхангай, Баяндэлгэр, Баянцогт, Баянцагаан, Баянжаргалан, Баян-Өнжүүл, Угтаалцайдам, Цээл, Сүмбэр, Эрдэнэ, Дэлгэрхаан, Алтанбулаг, Бүрэн, Өндөрширээт, Баян, Баянчандмань сумдад цасны нягт 0.20-0.27 см зузаан цастай буюу цагаан зудтай, Архуст, Мөнгөнморь, Зуунмод сумдад цасны нягт 0.15-0.18 см буюу цагаанаар зудархуу нөхцөл байдалтай байна. 02 дугаар сарын 14, 15-ны дулаарал, түүний дараах шуурганаас үүдэн мөсөн давхарга үүссэнээр нөхцөл байдал улам хүндрээд байна. Өнөө өглөөний байдлаар аймгийн хэмжээнд 145.258 толгой мал хорогдсон мэдээллийг сумдаас ирүүлсэн. Цаашдаа энэ тоо өсөх хандлагатай байгаа юм. Зудын эрсдэлийн нөхцөл байдлы8н эсрэг авах хариу арга хэмжээний хүрээнд эхний ээлжинд хоёр тонн өвс, 25.4 тонн тэжээлийг сумдад хуваарилж, зам гаргах, даваа гүвээ нээх ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулсаар байна. Тухайлбал өнөө өглөө Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн хоёр нэгж техник Алтанбулаг суманд 200 шуудай тэжээл хүргэсэн бол аймгийн ОБГ-ын хоёр нэгж техник Бүрэн суманд, Хилийн цэргийн хоёр нэгж техник Өндөрширээт суманд, Хилийн цэргийн нэг нэгж техник Лүн суманд тус ажиллаж байна. Аймгийн хэмжээнд есөн нэгж техник, 24 цагийн турш ажиллаж байна. Аймгийн Онцгой комисс өөрийн нөөцөд байгаа ногоон тэжээл дээр нэмээд 13 мянган ногоон тэжээл худалдаж авснаас Лүн, Эрдэнэсант, Өндөрширээт сумд руу хуваарилсан бол Шархайн хөндий орчмоос авсан ногоон тэжээлийг Алтанбулаг, Бүрэн, Баян-Өнжүүл сумруу татах ажлыг зохион байгуулж байна. Улсын Онцгой комиссоос 186.9 тонн хивэг хуваарилсныг эхний ээлжинд Эрдэнэсант, Лүн, Өндөрширээт, Дэлгэрхаан, Бүрэн, Баян-Өнжүүл, Алтанбулаг сумдад хуваарилсан. Дараагийн сумдад хүргэх ажлыг зохион байгуулж байна. Аймгийн нөөцөд байгаа 100 тонн хивэгний 70 тонныг сумдад хуваарилсан. Улсын нөөцөд байгаа будаанаас 525 тонн будааг манай аймгийг худалдаж авах чиглэл өгсний дагуу худалдаж авах, сумдад хуваарилах ажлыг мөн зохион байгуулж байна. Өнөөдрийн хурлаар сумдад үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан авах хариу арга хэмжээний төлөвлөгөөний дагуу зохион байгуулах арга хэмжээний талаар зөвлөлдөн, тодорхой шийдвэрүүдийг гаргалаа. - Өвсний нөөцийг нэмэгдүүлж, сумдад үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд, иргэдээс өвс нэмж авах - Улсын нөөцийн 180 тонн тэжээл дээр нэмж 74.5 тонн тэжээл авах - Нөхцөл байдал хүндхэн байгаа есөн суманд цас арилгах, зам гаргахад шаардагдах шатахуун авах - Батсүмбэр сумын голын халиа арилгахад шаардагдах шатахуун авах, тус сумын иргэдэд гэр олгох - Загасан тос, Их тойлтой тос, хуурай глюкоз, эмийн багц нэмж авах - Малчид руу зам гаргаж, хуваарилагдсан малын тэжээл, өвс, хивэг, будааг сумдад хүргэх ажлыг түргэн шуурхай зохион байгуулах - Эрүүл мэндийн үйлчилгээ, төрийн үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх - Үүсээд буй нөхцөл байдалд хүн, хүчний асуудал тулгарч байгаа тул аймаг, сумын онцгой комисс, төрийн албан хаагчид хамтарч ажиллах зайлшгүй шаардлагай байгаа тул сумдад ажиллах ажлын хэсгийг аймгийн Засаг даргын орлогч, ЗДТГ-ын дарга, хэлтсийн дарга нараар ахлуулж, харьяа агентлаг, байгууллагын дарга нарын бүрэлдэхүүнтэй баталж, үүрэг чиглэл өглөө. Цаашдаа мал төллөж, малчид хаваржаандаа бууна. Зудын байдлаас үүссэн малын сэг зэм устгах ажлыг шуурхай зохион байгуулж, шар усны үер, малын гоц халдварт өвчин гарах эрсдэлээс сэргийлэх талаар чиглэл өглөө.

 

2024-02-22 09:00:00