• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ДАЙЧИЛГААТ БОЛОН ТОМИЛГООТ НЭГЖТЭЙ ХАМТАРСАН СУРГУУЛЬД 16 СУМЫН 1600 ГАРУЙ ИРГЭН, ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ҮҮРЭГТНҮҮД ОРОЛЦЛОО
Монгол улсын Засгийн газрын тогтоол, 2018 онд батлагдаж, 2022 онд шинэчлэгдсэн Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн дагуу анх удаа дайчилгаатай болон орон нутгийн томилгоот нэгжтэй хамтарсан сургуулийг Төв аймаг, Хуурай замын цэргийн командлал, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл хамтран 9 дүгээр сарын 05-12-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байрлах Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийг байлдааны бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн, Хуурай замын цэргийн зарим нэгтгэл, ангийг хэсэгчилсэн дайчилгаагаар өргөтгөн зохион байгуулж, цэргийн ажиллагааг бэлтгэн тухайлсан сэдвийн хүрээнд явууллаа. Тус сургуульд Төв аймгийн 16 сумаас дайчилгааны даалгавраар 1600 гаруй иргэн, цэргийн бэлтгэл үүрэгтнүүд татагдан оролцлоо. Эдгээр иргэн, цэргийн бэлтгэл үүрэгтнүүдийн 50 гаруй хувийг 20-35, 40 гаруй хувийг 36-45, 10 орчим хувийг 46-аас дээш насныхан эзэлж байсан бөгөөд ажил хөдөлмөрийн хувьд 8 хувь нь төрийн албан хаагч, 20 гаруй хувь нь аж ахуйн нэгж, байгууллагад ажилладаг бол 20 хувь нь хувиараар хөдөлмөр эрхлэгч, 50 хүртэлх хувь нь малчин, тариаланчид байв. Энэ удаагийн сургуулийг Алтанбулаг, Сэргэлэн, Зуунмод, Эрдэнэ сумдын нутаг дэвсгэрт орон нутгаа хамгаалах, байлдааны тактикийн ажиллагааг зэвсэгт хүчний нэгтгэл, ангийн бүрэлдэхүүнээр удирдуулан явуулж, анх удаа сумын байрлалаас онлайнаар шууд холбогдож, илтгэл мэдээллийг бодит байдал дээр тулгуурлан зохион байгуулсан нь онцлог байсан юм. Дайчилгаатай сургуулийн төлөвлөгөө, бэлтгэл ажлыг хангахад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж ажилласан Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хуурай замын цэргийн командлал, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн удирдлага, бие бүрэлдэхүүн болон дайчилгаатай сургуульд бэлтгэл үүрэгтнүүдээ оролцуулах ажлыг гардан зохион байгуулсан сумдын Засаг дарга, ЗДТГ-ын дарга, багийн Засаг дарга нар, эх орон дуудсан цагт бэлэн жагсаж, эр цэргийн үүргээ нэр төртэй биелүүлсэн эрэлхэг дайчид, эх оронч залуус, бэлтгэл үүрэгтэн та бүхэнд Төв аймгийн нутгийн удирдлагын байгууллагын нэрийн өмнөөс халуун талархал дэвшүүлье.

 

2023-09-12 00:00:00