• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.МӨНХБААТАР БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, "ОДОД" ЦЭЦЭРЛЭГИЙН ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТЭД ОРОЛЦЛОО
Төв аймгийн хэмжээнд 2023-2024 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 31 сургуульд нийт 21473 суралцагч хамрагдах бөгөөд 1 дүгээр ангид 1985 суралцагч элсэн орлоо. Энэ хичээлийн жилд дотуур байранд 3028 хүүхэд, Төрийн өмчийн 38, төрийн бус өмчийн 3 цэцэрлэгт хамран сургах тойргийн 2-5 насны 7907 хүүхдийг хүлээн авах бэлтгэлээ бүрэн хангаж, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв болон Политехник коллежид 16 мэргэжлээр 1003 суралцагч суралцах юм. Аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар Баянчандмань сумын ЕБС-ийн болон “Одод” цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож, баяр хүргэлээ. Төв аймаг боловсролын салбартаа онцгойлон анхаарч, аймгийн хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж ажилласнаар салбарын үндсэн үзүүлэлтүүд ахиж, сургалтын орчин нөхцөл сайжирч, сургалтын хүртээмж, чанарт тодорхой ахиц дэвшил гарч байна. Тухайлбал: Ерөнхий боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр сүүлийн 7 жилийн хугацаанд шинээр 2200 суудалтай 4 сургууль, 1120 суудал бүхий 4 өргөтгөлийн барилга ашиглалтад орж, сургуулийн хүчин чадал 3320 суудлаар нэмэгдэж, 39 сургуулийн барилгад засвар хийж, 31.6 тэрбум төгрөгийг зарцуулснаар суурь боловсролын хамран сургалт 90%-д хүрээд байна. Бүх шатны боловсролын байгууллагад эрүүл, аюулгүй, ээлтэй орчин бүрдүүлэх бодлого зорилтыг хэрэгжүүлж, жил бүр 4-өөс доошгүй цэцэрлэг, сургууль, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгох арга хэмжээг хэрэгжүүлснээр нийт сургуулийн 93.3%, цэцэрлэгийн 87%, дотуур байрны 96.5% нь стандартад нийцсэн ариун цэврийн байгууламжаар хангагдлаа. Хүүхэд, өсвөр үеийнхний амрах, хөгжих, оролцох, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, хөгжлийн хөтөлбөрөөр дамжуулан амьдрах арга ухаанд сурагх, хөдөлмөрт бэлтгэх зорилгоор Хүүхдийн хөдөлмөр зусланг Эрдэнэсант, Баянчандмань, Жаргалант сумдад байгууллаа.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурах орчин нөхцөлийг сайжруулж 3 сургууль, 2 цэцэрлэгийг хэрэгцээт тоног төхөөрөмжөөр хангаж, олон улсын байгууллагын төсөл хөтөлбөрийн санхүүжилт, аймгийн төсвөөр “Аз жаргалын өргөө”-г шинээр засварлан, тохижуулж, ХБИ, тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдийн хөгжлийг дэмжих төвийг байгууллаа. Мөн боловсролын чанарыг сайжруулах, багш, суралцагчийн хөгжлийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй “Хөгжсөн багшаас чадварлаг сурагч” хөтөлбөрийн хүрээнд УИХ-ын гишүүн Ж.Батжаргалын санаачилга, дэмжлэгээр “Багш бүрд компьютер” төслийг хэрэгжүүлж 2023-2024 оны хичээлийн жилд улс, аймгийн төсвийн 858.2 сая төгрөгөөр 841 багшийг зөөврийн компьютероор хангаж, эхний ээлжийн зөөврийн компьютерыг гардууллаа.

 

2023-09-01 10:00:00