• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
БОГДХАН УУЛЫН АЙМАГ БАЙГУУЛАГДСАНЫ ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙ, ТӨВ АЙМГИЙН БАЯР НААДАМ ЁСЛОЛ ТӨГӨЛДӨР ЭХЭЛЛЭЭ
Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Монголын гал голомт Түшээтхан аймаг, Богдхан уулын аймгийн түүхэн үргэлжлэл Төв сайхан нутаг, Төв аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадмын арга хэмжээ эхэллээ. Нээлтийн ёслолын арга хэмжээнд УИХ-ын гишүүд, аймаг, сумдын удирдлагууд, төр, нийгмийн зүтгэлтнүүд, урлаг соёл, спортын алдартнууд, төрийн албан хаагчид, наадамчин олон оролцож байна. Төв аймагчууд түүхийн он цаг хэлхээнд улсын эдийн засгийн гол салбар болсон мал аж ахуй, газар тариалан, уул уурхайн хөгжлийг манлайлж, улсынхаа нийслэлийг хүнсээр, үндэсний үйлдвэрүүдийг түүхий эдээр хангах үүргээ тасралтгүй нэр төртэй хэрэгжүүлж, хүнс үйлдвэрлэгч, экспортлогч улс болох Засгийн газрын зорилтыг хэрэгжүүлэх түшиц бүс нутаг, хөдөө аж ахуйн стратегийн бүтээгдэхүүний гол үйлдвэрлэгч аймаг болон хөгжиж түүхт 100 ойтойгоо золголоо. Цаашид Эдийн засгийн чөлөөт бүс, Богд хан төмөр зам, Шинэ Зуунмод хот байгуулах зэрэг аймгийн эдийн засгийг тэтгэсэн бүтээн байгуулалтуудыг өрнүүлэн, хөгжлийн алтан боломж дээрээс шинэ зууны хөгжлөө ийнхүү эхлүүлж байна. Монгол орны дөрвөн зүг найман зовхис, хилийн чанадад оршин суугаа Төв сайхан нутагт төрж өссөн, энэ сайхан нутагтай ажил амьдрал, ураг удмын алтан сэжмээр холбогдсон бүх хүмүүст, нийт Монголчууддаа түүхт ойн баяр наадмын цогтой халуун мэндийг өргөн дэвшүүлье.
2023-07-27 11:00:00