• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
“ТӨВ АЙМАГ 100 ЖИЛ” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРКИЙН АНХНЫ ӨДРИЙН НЭЭЛТ, ДУГТУЙНД ГАРЫН ҮСЭГ ЗУРАХ ЁСЛОЛ БОЛЛОО
Төв аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойд зориулсан “Төв аймаг 100 жил” сэдэвт блок марк нь “Монгол шуудан” ХК-ий 1127 дахь марк юм. Маркийн төв хэсэгт Төв аймгийн сүлд, чимэглэл хэсэгт 100 жилийн ойн лого, Монгол улсын төрийн тахилгат Богдхан уул, Манзуширын хийд, Зоргол хайрхан уул, Туул гол, Монголын улаан номонд орсон тахь, нутгийн удирдлагын ордон, Ноён уулаас илэрсэн эсгий ширмэл ширдэг, ахуй байдлыг монгол зургийн аргаар дүрслэн харуулжээ. Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, “Монгол шуудан”ХК-ний Марк, үнэт цаасны хэлтсийн дарга Б.Дамдинбазар нар марктай анхны өдрийн дугтуйнд гарын үсэг зурснаар өнөөдрөөс албан ёсоор гүйлгээнд гарч эхэллээ. Нийт 20 мянган хувь хэвлэгдсэн маркийг авахыг хүссэн хүмүүс хот, хөдөөгийн шуудангийн салбаруудаас худалдан авах боломжтой. Дашрамд дурдахад “Төв аймаг 100 жил” сэдэвт уг марк нь Төв аймгийн тухай өгүүлэх 18 дахь удаагийн марк болж байгаагаараа онцлогтой.
2023-07-05 12:00:00