• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ “НЭГДҮГЭЭРТ ХҮҮХЭД” УРИАН ДОР ТЭМДЭГЛЭЖ БАЙНА

Өнөөдөр Монгол эх орон, Төв сайхан нутгийнхаа гэрэлт ирээдүй болсон энхрий бяцхан хүүхэд, багачуудын баярын өдөр. Энэ сайхан өдрийг Төв аймагчууд “Нэгдүгээрт хүүхэд” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Хүүхэд багачуудынхаа баярт мөчийг хуваалцахаар аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Д.Мөнхбаатар, Зуунмод сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Ч.Сарангэрэл нар хүрэлцэн ирж, баярын мэндчилгээ дэвшүүллээ.Төв аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Д.Мөнхбаатар хэлсэн үгэндээ: “Ирээдүй хойч үе маань амар амгалан нийгэмд амьдарч, алхам тутамдаа сурч боловсорч хөгжих ёстойг онцлон дурдаад, аймгийн хэмжээнд хэрэгжиж байгаа хүүхдэд чиглэсэн үйл ажиллагаа болох “Хүүхэд бүр цэцэрлэгт”, “Хүүхдийн хүмүүжил төлөвшлийг сайжруулах”, “Хөгжсөн багшаас чадварлаг сурагч”, “Хүүхдэд ээлтэй дотуур байр” дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үр дүн, “Оюунлаг Төв аймаг” арга хэмжээний амжилт, үр дүн болон хүүхдүүдийн сурч боловсрох орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын талаар мэдээлэл хүргээд, цаашдаа ч хүүхдүүдийнхээ дуу хоолойг сонсож, шийдвэр гаргах түвшинд хэрэгжүүлж ажиллана” гэлээ.Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн арга хэмжээ баярын парад, хүндэтгэлийн арга хэмжээгээр эхэлж, авьяаслаг хүүхэд багачуудын хүндэтгэлийн тоглолт, олон олон сонирхолтой арга хэмжээнүүдээр үргэлжилж, Төв аймгийн төв Зуунмод хотын Мөнх-Алдарын талбай хүүхдийн инээд хөөрөөр бялхан, дуу хуураар цалгиж байна.

2023-06-01 13:00:00