• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
4h · ТӨВ АЙМАГТ ЕБС-ИЙН СУУРЬ 1923 ОНД БҮРЭН СУМАНД БАЙГУУЛАГДСАН НЬ ЭРДЭНЭСАНТ СУМЫН ЕБС-ИЙН ҮҮСЭЛ БАЙВ.
АРДЫН НАМЫН ТАНХИМЫН СУРГУУЛЬ:
Ардын хувьсгалын дараа Түшээт хан аймагт байгуулагдсан ууган сургууль бол 1922 онд Алтанбулаг хотод байгуулагдсан. Одоогийн Төв аймгийн нутагт байгуулагдсан ууган сургууль бол 1923 оны ҮI сарын 15-нд Хүнцэлчавчид уулын хошууны нутаг Баян гүн уулын өвөр Далан Түрүүний дэнж гэдэг газар одоо Бүрэн сумын нутаг “Тамгын танхим” нэртэйгээр, Дондог хиа, Пэлжээ занги гэдэг 2 багш, Хастөмөр гавж эмчтэй, 30 сурагч, 2 ажилчин, 2 эсгий гэртэй байгуулагдсан нь Төв аймгийн, мөн Эрдэнэсант сумын сургуулийн үүсэл байв. Уг сургууль 1936 онд “Зуны сургууль”,1940 онд Угалзтын төвд 56 сурагчтай бага сургууль болж,1948 онд Баян-Уулд нэг бага сургууль нээгдэж, 1956 онд нэгдлүүд нэгдэхийн хамт хоёр сургууль нэгдэж Эрдэнэсантын бага сургууль 6 гэрт хичээллэх болжээ.Тус сургууль 1964-2009 онд 7, 8, 10,11,12 жилийн сургалттай болжээ.
1923 оны ҮII сард Ноён уулын хошуунд /одоогийн Батсумбэр сум/ Ишдорж багштай 11 шавьтай танхим байгуулагдсан нь Түшээт хан аймгийн хоёрдахь сургууль болно. Хутаг-Өндөр уулын хошууны Нарийны амны Тусгалт гэдэг газар хошуу тамгын дэргэд ҮII сард “Ардын намын танхимын сургууль” нэртэй байгуулж 25 хүүхэдтэй, цахар өвгөн Б.Буянжав багштайгаар хичээллээд, хошууг эмхэтгэж Баатар вангийн хошуутай нэгтгэхэд тус сургууль 1924 оны Х сард Буянжав багш, Очир галчийн хамт 35 хүүхэд Ноён уулын хошууны Түнхэл гэдэг газар үхэр хөсгөөр 4 өртөө газар, цасан дундуур даавуу майханд 5, 6 хоноглон явж, тэндэх улаан нарсан байшинд 80 орчим хүүхэдтэй, Дамдин багшаар хичээл заалгаж өвөлжсөн гэдэг. Батсүмбэрт нүүн ирж, суурьшихад захирлаар нь өндөр Х.Дамдин ажиллажээ. 1925 онд Гэгээрлийн яамны томилолтоор Балбарын Лувсандорж захирлаар ирж, Хөх-Өндөр уулын өвөрт хичээлийн байр, дотуур байр, халуун ус зэргийг бариулж, захирал, 3 багш, эмч, нярав, 2 галч, 2 тогооч, 100 хүүхэдтэй ажиллажээ. Хичээлд зориулж сард 1 удаа 15 ам муутуу /цаас/, 2 бийр, 1 янтай, тоонд 1 харандаа, 5 дэвтрийг өгнө.
-1941 оны хавар Гэгээрлийн сайд Машлай намайг дуудаж, ”Чамд шинэ үүрэг өгнө” Чи дунд сургуульд 3 жил багшлаад дадлагажлаа. Төв аймаг ганц ч дунд сургуульгүй байна. Энэ аймгийн анхны дунд сургуулийг Батсүмбэрт байгуулж байгаад, Жаргалантын аж ахуйн Талбулагт нүүсэн адуун заводын орон байрт 275 хүүхэд, 21 багштай байгуулав. Захирал чинь Ж.Намсрай “чи өөрөө хичээл ангийн эрхлэгч, хэл бичиг, утга зохиол, түүхийн багш гэж тохоон томилоод 1941 оны нэг өдөр 165 тоот тушаалаар очсон юм. Сурагчдын орон байр, хоолны гал зуух, улаан булан, Хараа голын эрэг дээр халуун усны 2 өрөө байр барьж, том төмөр торхонд усаа халаадаг барилга бариулах ажлыг зуны турш гүйцэтгэж билээ. Хичээлийн ганц дэвтэр ч үгүй тул 100 үхэр тэрэг хар мод ачиж, Нийслэлийн түлээний зах дээр үүрээр ирж зогсоод 1 тэрэг модыг 3 төгрөг 10 мөнгөөр худалдана. Түлээг худалдан авагчийнд хүргэж буулгаад татлага, шугамыг бүрэн буцааж журамтай авчирсан хүмүүст 10 мөнгөний хөлс өгнө. Түлээний үнэ болох 300 төгрөгөөр хичээлийн дэвтэр, харандаа, чернил, үзэг, үзэгний иш, резин шугам, чернилийн сав, бичгийн цаас, хортой цаас, ангийн сурлагын тэмдэглэлийн том дэвтэр, хими физикийн хичээлийн элдэв сав, жорын бодисын зүйл зэргийг авч хэрэглээний цагаан хайрцагт дүүргэж, үхэр тэргэндээ ачиж буцахдаа түүчээнийхээ дөрийг эвэрт нь эвхэж, замдаа оруулчихаад тэргэн дээрээ унтчихана. Сүүлчийн тэргэнд зүүсэн ширмэн том хонх дүн дан дүн дан гээд л цуваа зогсолтгүй үргэлжилнэ. Түүчээгээ нэг зогсоход өндийж харахад үдийн, үдшийн буудалд ирчихсэн байдагсан. Ингэж ажиллаж байтал багш нар бүрэн ирж, ажиллах хүч бөөгнөрч билээ...1938 онд улсын үлгэр жишээ сургууль, 1941 онд аймгийн анхны дунд сургууль болгосон. 1961 онд 8 жилийн, 1984 онд 10 жилийн сургууль болжээ. Лүн уулын суманд 1923 оны ХI сард үүсгэсэн 25 хүүхэд, 2 багштай “аймгийн яамны бага сургууль“ ч 1957 оноос 7 жилийн, 1965 оноос 8 жилийн,1975 онд тохилог дотуур байртай болж, 1990-1991 оны хичээлийн жилээс 11 жилийн сургалтай болжээ. Анхны танхим сургууль ийм замаар хөгжсөн.
1924 онд суурин 12 өртөөний сургуульд 40 гаруй хүүхдийг сургаж эхэлжээ. 1923 онд тус аймгаас багш бэлтгэхээр Оюутны сургуульд залуусыг илгээжээ. 1925 оноос тус аймгийн Сазанбүрэг, Их Түшиг, Дэлгэрхангай, Хангай хайрхан зэрэг 19 хошуунд сургууль байгуулагджээ. Танхим бүр монгол үсэг бичигтэй 1 багштай, 1-2 галчтай, Ү-IХ сард хичээллэдэг, монгол үсэг, хэмжих зурах ажил, аж төрөх ёс, түүх заадаг байжээ. 1926 оны эцэст олонх хошуу сургуультай болж сурагчдын тоо 400 гарч, зардлыг 1923 оноос улсын төсвөөс олгож, 1930 онд сургууль гэгээрлийн ажил хариуцсан хэлтэс байгуулагджээ. Эдгээр нь аймгийн ардын боловсролын системийн эх үүсвэр байлаа. 1932 онд Төв аймаг бага сургууль 5-тай 545 сурагчтай болж, олонх сургууль 1939-1940 он, түүнээс хойш байгуулагджээ. Хурандаа генерал Санжийн Батаа агсан: -Би 9 настай танхимын сургуульд орж 1924-1928 онд Богдхан уулын аймгийн Богдхан уулын хошууны сургуульд 4 жил суралцсан. Ардын танхимын сургууль бол хувьсгалт хүмүүжил, амьдралын хатуужил олгож, эх орон ард түмэндээ үнэнчээр зүтгэх хүмүүжил, ёс суртахууны үндсийг тавьж өгсөн. Эх сурвалж: СГЗ Ш.ЦЭРЭНДОО "ЗУУНЫГ БҮТЭЭСЭН ТӨВ АЙМАГ"

 

2023-05-08 11:00:00