• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ТӨВ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Төв аймгийн Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн зохион байгуулагдан, аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, 27 сумын Эрүүл мэндийн төвийн дарга, удирдах албан тушаалтан нийт 43 хүн хамрагдлаа.

Зөвлөгөөнд аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга оролцон “Эрүүл мэндийн салбарт 2023 онд анхаарах асуудал, орон нутгийн хамтын ажиллагаа” сэдвээр Эрүүл мэндийн салбарын удирдлагуудад мэдээлэл танилцуулан, үүрэг чиглэл өглөө.

Зөвлөгөөний удирдамж, хөтөлбөрийн дагуу Эрүүл мэндийн газрын дарга, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд,  Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн дарга, Нийгмийн даатгалын магадлагч эмч, Эм биобэлдмэлийн улсын ахлах байцаагч, Сүмбэр сумын эрүүл мэндийн төвийн дарга нар илтгэл мэдээлэл танилцуулж 2022 оны үйл ажиллагаагаа дүгнэн, 2023 оны бодлого чиглэлээ тодорхойлсон. Төв аймгийн Эрүүл мэндийн салбар 2023 онд “ЭХ, ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ 100 ЖИЛ” уриалга гарган эх, хүүхдийн тусламж үйлчилгээний чанарт ахиц гаргахаар зорилт тавин ажиллаж байна.

Зөвлөгөөний үеэр 2022 оны үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүнгээрээ шалгарсан ШИЛДЭГ сумын Эрүүл мэндийн төвийн хамт олон, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг шагнаж урамшуулав. Тэргүүн байранд Сүмбэр сумын Эрүүл мэндийн төв, дэд байранд Заамар сумын Эрүүл мэндийн төв, гутгаар байранд Лүн сумын Эрүүл мэндийн төвийн хамт олон тус тус шалгарч, өргөмжлөл, үнэ бүхий зүйл, мөнгөн шагналаар шагнууллаа.

2022 оны шилдэг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд Архуст сумын Эрүүл мэндийн төвийн дарга И.Бадамгарав, Сүмбэр сумын Эрүүл мэндийн төвийн дарга П.Идэрцогт нарын 15 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг шалгаруулан, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж, урамшуулав.

 

2023-03-29 12:49:04