• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ХАА, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨЛТИЙН ХҮРЭЭНД ХИЙГДЭХ “ЖИШИГ ҮХРИЙН АЖ АХУЙ” БАЙГУУЛАХ САНАМЖ БИЧГИЙГ ҮЗЭГЛЭЛЭЭ

Төв аймгийн Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлтийн хүрээнд аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, Хөдөө аж ахуйн их сургуулийн захирал Т.Хэрүүга, “EPCS” ХХК-ний Удирдах зөвлөлийн дарга Х.Тамир, Баянцогт сумын Засаг дарга А.Даваадорж, Жаргалант сумын Засаг дарга Н.Энхболд нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг санамж бичгийн зорилго нь хөдөө аж ахуйн шинжлэх ухааны судалгаа, туршилтад суурилсан махны чиглэлийн “Жишиг үхрийн аж ахуй” байгуулан, шилдэг арга туршлагыг хөдөө аж ахуйн салбарт түгээн дэлгэрүүлэх, стандартын шаардлага хангасан мах үйлдвэрлэх малын ашиг шимийгсайжруулан эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх технологийг нутагшуулахад чиглэгдэж байгаа юм.  

Төв аймгийн талаас жишиг үхрийн аж ахуй эрхлэн явуулах болон олон наст тэжээл тариалах газрын асуудлыг шийдвэрлэх, стратегийн бодлого, үйл ажиллагааны баримт бичгүүдэд тусгах, кластер байдлаар ажиллах боломж бий болгох, сургалт үйлдвэрлэлийн дадлагад дэмжлэг үзүүлэх, талуудын судлаачдыг дэмжих зэргээр хамтран ажиллах бол Хөдөө аж ахуйн Их сургуулийн талаас хөдөө аж ахуйн салбарт шинжлэх ухааны үндэслэлтэй эрчимжсэн мал аж ахуй эрхлэх, малын тэжээл бэлтгэх арга технологийг таниулах, сурталчлах, зааж сургах хамтарсан сургалт зохион байгуулах, үр ашгийг тооцох аргачлал зөвлөмж өгөх чиглэлээр хамтран ажиллаж, мэргэжлийн туслалцаа дэмжлэг үзүүлэх, Баянцогт, Жаргалант сумдын зүгээс жишиг үхрийн аж ахуй байгуулахад  эргэлтийн сүрэг бүрдүүлж хамтран ажиллах, “EPCS” ХХК хөрөнгийн эх үүсвэрийг санхүүжүүлэхээр тусгасан байна.

Санамж бичгийн үр дүнд Төв аймагт жишиг болохуйц махны чиглэлийн үхрийн аж ахуй байгуулагдах юм.

 

2021-07-07 18:24:29