• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ӨВӨЛЖИЛТ ХҮНД БАЙГАА СУМДАД АЖИЛЛАЖ ТОДОРХОЙ АСУУДЛУУДЫГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

Аймгийн Онцгой комисс Эрдэнэ, Баяндэлгэр, Архуст, Мөнгөнморьт сумдад ажиллаж байна. Эдгээр сумдад өвөлжилт хүнд, цасны зузаан 20-50 см, хунгарласан газраа 80 см хүрчээ. Аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Д.Мөнхбаатар сумдад ажиллах үеэрээ нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, сумдын удирдлагуудтай уулзан доорхи асуудлуудыг шийдвэрлэсэн байна.

• Сумдын Онцгой комисст туулах чадвар сайтай автомашин хүлээлгэн өглөө

Аливаа давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүссэн гамшиг, эрсдэлийн үед техник, тоног төхөөрөмжийн хангалт, хүрэлцээ нэн чухал. Эрсдэлийн үед авах хариу арга хэмжээний хүрээнд Эрдэнэ, Баяндэлгэр, Мөнгөнморьт сумдын Онцгой комисст туулах чадвар сайтай автомашин хүлээлгэн өглөө. Ингэснээр сумын Онцгой комисс хэрэгтэй газартаа түргэн шуурхай очиж, хариу арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэх, хамгийн гол нь эрдэнэт хүний амь насыг аврахад хугацаа алдахгүй байх нөхцөл бүрдэж байгаа юм.• Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлтийн дагуу хоршоодод суурилсан мах бэлтгэлийн системийг ажиллуулахаар боллоо. Аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Д.Мөнхбаатар өвөлжилт хүндэрч байгаа сумдад ажиллах үеэрээ малчид, хоршоодын төлөөлөлтэй уулзлаа. Хүнд цаг үед малын тоонд бус чанарт анхаарч, өвлийг өнтэй давах, малын хорогдол үүсэхээс урьдчилан сэргийлж, малыг эдийн засгийн эргэлтэд оруулж, худалдан борлуулах чиглэл өгч, энэ үйл ажиллагааг аймгаас бодлогоор дэмжиж аймгийн нөөцийн мах бэлтгэх үйл ажиллагааг малчны хоршоо, малчиддаа тулгуурлан хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Тухайлбал Эрдэнэ сумын Эрдэнэ хүнс махны үйлдвэрт малчдын бэлтгэсэн хонины махыг нөөцлөх, Лүн сумын Тайван өсөх махны үйлдвэртэй гэрээ хийж ямааны махыг зах зээлийн ханшаас доошгүй үнээр тухайн суманд нь худалдан авалт хийх асуудлыг шийдвэрлэлээ.

 

2022-12-01 03:20:00