• +976-7027-3911
ЗУУНМОД ХОТ ТОХИЖУУЛАХ ГАЗРЫН 30 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Аймаг, орон нутгийнхаа өнгө үзэмж, хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж, иргэдийг цэвэр, ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үйлсэд үүрийн гэгээнээс үдшийн бүрий болтол бие, сэтгэлээ зориулан ажиллаж байгаа Зуунмод хотын Хот тохижуулах газар 30 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлж байна. 1992 оны 9 дүгээр сарын энэ өдөр Зуунмод хотын Захирагчийн 20 тоот захирамжаар Хот тохижуулах газрын суурь тавигдаж байсан түүхтэй.
Өнөөдөр Зуунмод хотын Хот тохижуулах газар баярын хурлаа зохион байгууллаа. Баярын хурлын арга хэмжээнд Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар тэргүүтэй аймаг, сумын удирдлагууд, БХБЯамны Төрийн Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Баярсайхан болон Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны орон тооны бус дэд Ерөнхийлөгч нэгдмэл салбарын ҮЭХ-ны дарга Я.Алтантуяа, Зүүн бүсийн аймгуудын Хот тохижуулах газрын удирдлагууд, хот тохижуулах газарт ажиллаж байгаад гавьяаны амралтад гарсан ахмадууд, ажилчид оролцлоо.
Эдүгээ Зуунмод хотын Хот тохижуулах газар 40-45 ажилтан, 14 машин, техниктэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Баярын хурлын үеэр аймаг, орон нутгийн хөрөнгө оруулалтаар тусгай зориулалтын /крантай, шахдаг/ 4 автомашинаар парк шинэчлэл хийж, түлхүүрийг гардуулан өгсөн бол нэг ажилтанд өргөө цагаан гэр гардуулан өгсөн юм.
Мөн энэ өдөр Барилга, хот байгуулалтын яамны “Үйлчилгээний тэргүүний ажилтан” цол тэмдгээр 2, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны “Тэргүүний ажилтан” цол, тэмдгээр 2, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны “Жуух бичиг”-ээр 3, аймгийн ИТХ-ын “Хүндэт тэмдэг”-ээр 2, “Жуух бичиг”-ээр 3, аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр 2, аймгийн Засаг даргаын “Жуух бичиг”-ээр 2, Зуунмод хотын ИТХ-ын “Жуух бичиг”-ээр 3, Зуунмод хотын Засаг даргын “Жуух бичиг”-ээр 4, “Нийтийн аж ахуйн тэргүүний ажилтан” цол тэмдгээр 2, Монголын Эмэгтэйчүүдийн холбооны “Хүндэт тэмдэг”-ээр 2, Монголын Залуучуудын холбооны “Хөдөлмөрийн алдар” медалиар 2, Үйлдвэрчний эвлэлийн “Тэргүүний ажилтан” цол, тэмдгээр 2, Ахмадын хорооны “Ахмадын алдар” медалиар 1 хүнийг шагнаж, урамшуулсан бол "Цэвэрч орц", "Цэвэрч өрх"-үүдэд шагналыг гардууллаа.
2022-09-22 16:50:54