• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН ГИШҮҮН Х.МӨНХЗУЛААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ТӨВ АЙМАГТ АЖИЛЛАЛАА
Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Х.Мөнхзулаар ахлуулсан Ажлын хэсэг Төв аймагт ажиллаж аймаг, сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга болон хэлтэс агентлагуудын удирдлагуудад “Жендэр ба хүний эрх” сэдэвт сургалт (2022.06.21-нээс 06.22-ны өдрүүдэд) зохион байгууллаа.
Тус сургалтаар мэргэшсэн төрийн албыг бий болгоход дэмжлэг үзүүлэх, төрийн байгууллагад жендэрийн тэгш байдлыг хангахад төрийн албан хаагчдын хүлээх үүрэг хариуцлагыг тайлбарлан таниулах, төрийн байгууллагын удирдах албан тушаалтнуудад шинээр баталсан хууль хэрэглээ ба жендэр, хүний эрхийн мэдлэг, чадавхийг нэмэгдүүлэх зорилготой юм.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар хүлээн авч уулзаж, орон нутагт хүний эрхийг хангах хамгаалах чиглэлээр хийгдэж буй ажил, хүний эрхийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, ковидын үеийн гэр бүлийн хүчирхийлэл, ажлын байрны дарамт, жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилт, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлийн талаар ярилцаж санал солилцлоо.
Түүнчлэн Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Х.Мөнхзул нь аймгийн Цагдаагийн газрын харъяа хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдыг хамгаалах "түр хамгаалах байр”-ны үйл ажиллагаатай танилцаж, үйлчлүүлж буй иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонсож хууль эрх зүйн зөвлөгөө мэдээллийг өгч ажиллалаа.
Энэ үеэр Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсгийнхэн хөдөлмөрлөх эрхийн хүрээнд аймгийн Татварын хэлтэс, Ус цаг уур орчны шинжилгээний төвийн үйл ажиллагаатай танилцаж, Комиссын гишүүний зөвлөмжийн хэрэгжилт болон хүүхдийн эрхийн хууль зүйн хороонд хяналт, шалгалт хийлээ.
2022-06-27 17:46:03