• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
СОЁЛЫН ЯАМНЫ АЖЛЫН ХЭСЭГ МАНАЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

Аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар Соёлын яамны Төрийн нарийн бичийн дарга С.Оюунбилэг тэргүүтэй албаны бүрэлдэхүүнийг хүлээн авч, албан уулзалт хийсэн юм. Үүний дараа “Монгол туургатан театр”-ын их танхимд “Соёл урлагийн байгууллагын менежментийн чадавхыг бэхжүүлэх нь” бүсчилсэн уулзалт, сургалтыг Төв аймгийн хэмжээнд соёл, урлагийн үйл ажиллагаа явуулдаг 31 байгууллагын удирдлага, албан хаагчдыг хамруулан зохион байгууллаа. Сургалтыг нээж аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар аймгийн соёл, урлагийн салбарыг хөгжүүлэхэд хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон цаашид хийхээр төлөвлөж байгаа ажлын талаар мэдээлэл хүргэсэн бол Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг Соёлын яамны 2021-2024 оны стратеги төлөвлөгөө, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж, шилдэг туршлага, Төв аймгийн соёлын өвийн бүртгэл, хадгалалт хамгаалалт зэрэг асуудлаар хүмүүс мэдээлэл өглөө.

Үүний дараа Соёлын яамны Соёл гэгээрлийн газрын мэргэжилтэн Д.Мөнхцэцэг “Орон нутгийн соёлын бодлогын хэрэгжилт”, Соёлын яамны стратеги бодлого төлөвлөлтийн газрын шинжээч Г.Ичинхорлоо “Урлаг ба соёл”, Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбат “Төвийн аймгийн Соёлын өвийн асуудал”, Богд хааны ордон музейн захирал Ц.Эрдэнэбаатар “Соёлын бүтээлч үйлдвэрлэл музейд”, Монгол Номадик аялал жуулчлалын компаний захирал Д.Энхбаатар “Төв аймаг дахь соёлын аялал жуулчлалын шилдэг туршлага”, Соёлын яамны Соёлын өвийн газрын баримтат өв хариуцсан мэргэжилтэн Д.Мэндсайхан “Төв аймгийн соёлын баримтат өвийн асуудал” сэдвээр сургалт , мэдээлэл хийлээ.

Мөн ажлын хэсгийн бүрэлдэхүүн аймгийн Соёл урлагийн газар, Монгол туургатан театр, Музей, Нийтийн номын сан, Зуунмод хотын Соёлын төвийн үйл ажиллагаатай танилцан мэргэжил, арга зүйгээр хангаж байгаа бол Манзуширын шашин, соёл, аялал жуулчлалын төсөлтэй танилцах юм.

Түүнчлэн үндэсний үнэт зүйл, уламжлалт өв соёлоо дээдэлж, иргэдийг соён гэгээрүүлэх их үйлсэд олон жил үр бүтээлтэй ажилласан албан хаагчдыг “Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдэг, яамны “Жуух бичиг”-ээр тус тус шагнаж урамшууллаа.

2022-04-05 16:43:00