• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
27 СУМЫН УДИРДЛАГУУД МАЛЫН УДМЫН САНГИЙН ҮНДЭСНИЙ ЦОГЦОЛБОРТОЙ ТАНИЛЦЛАА
Аймгийн “Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлт”-ийн хүрээнд ИТХ-ын Ц.Жамбалсүрэн, Засаг дарга Д.Мөнхбаатар нар 27 сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, ХАА-н мэргэжилтэнүүдийг Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт байрлах Малын удмын сангийн үндэсний цогцолборын үйл ажиллагаатай танилцуулж, уулзалт зөвлөгөөн хийлээ. Энэ үеэр малын чанар, ашиг шимийг нэмэгдүүлэх чиглэлээр орон нутаг, ААН-үүдтэй хамтран ажиллах боломжийн талаар Малын удмын сангийн үндэсний төвийн захирал П.Ганхуяг санал солилцож, Төв аймгийн сумдтай хамтарч ажиллахаа мэдэгдлээ. Ингэснээр манай аймгийн малчид, фермерүүд дэлхийн жишигт нийцсэн мал үржүүлэг, биотехнологийн ажил, үйлчилгээг авахад дөхөм болж байгаа юм.
Малын удмын сангийн үндэсний цогцолбор нь малын генийн санг хамгаалах, үр үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэх, мал аж ахуйн салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулах үндсэн үйл ажиллагааны хүрээнд эрдэмтэн, судлаачид туршилт-судалгаа хийх, мэргэжлийн зохиомол хээлтүүлгийн техникчид үржүүлгийн бүтээгдэхүүнийг мал эмнэлэг, ариун цэврийн шаардлагын дагуу үйлдвэрлэж, малчдад нийлүүлдэг байна.
Малын удмын сангийн үндэсний цогцолбор нь үр, азот, хөврөл үр шилжүүлэн суулгах иж бүрэн лаборатори, малын генийн санг хадгалах зориулалтын байр, сайн чанарын хээлтүүлэгч бойжуулах малын байр, тэжээл боловсруулах цех, сургалтын байр, мал эмнэлгийн үйлчилгээний цэг зэрэг 14 объектоос бүрдэж байна.
Мөн зөвлөгөөний үеэр “Малыг ялган тэмдэглэх бүртгэлжүүлэх, бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн тухай” сэдвээр ХХААХҮЯамны мэргэжилтэн Р.Булгантамир, “ММА” ХХК-ийн захирал М.Алимаа, “Сүүний кластер фермийн хөгжил” сэдвээр Үхэр үржүүлэгчдийн холбооны тэргүүн Ж.Баттөгс нар сургалт мэдээлэл хийсэн юм.
2022-02-21 09:08:08