-2021 онд Төв аймаг хураан авсан ургацын хэмжээгээрээ улсдаа тэргүүлсэн амжилттай жил болж өнгөрсөн. Иймд ярилцлагын эхэнд газар тариалангийн чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлуудаас ярилцлагаа эхлүүлье?
– Тэгье.Салбарынхаа нийт ажилтан албан хаагчид малчин тариаланчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе. Өнгөрсөн жил эх орны маань хангай говь тал хээргүй нар, хур тэгширсэн Хөдөө аж ахуйн салбарт ээлтэй өргөн дэлгэр сайхан зун зуншлагатай жил боллоо Ялангуяа, налайсан сайхан урт намар болж тариаланчид маань ургацаа бүрэн хураасандаа сэтгэл тэнүүн баяртай байна. Манай аймаг энэ жил нийт 162,1 мянган га талбайд тариалалт хийж, сүүлийн 35 жилд аваагүй 435,3 мянган тонн ургац хураан авч Монгол улсдаа нийт ургацаараа тэргүүлсэн бахдам сайхан амжилтыг үзүүллээ. Энэ амжилт бол манай тариаланч механикжуулагч, ногоочдын нөр их хөдөлмөрийн үр дүн юм. Бид газар тариалангийн үйлдвэрлэлийнхээ тогтвортой жигд өсөлт, үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд Монгол улсын засгийн газраас газар тариалангийн үйлдвэрлэлийн талаар дэвшүүлсэн зорилт авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийг аймагтаа зөв оновчтой зохион байгуулж үр дүнд хүргэхийн тулд “Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ныг хэрэгжүүлэх аймгийн төлөвлөгөө, “Аймгийн газар тариалангийн үйлдвэрлэлийн талаар баримтлах бодлого” зэрэг урт болон богино хугацаанд зайлшгүй хэрэгжүүлэх бодлогын баримт бичгийг боловсруулан ажилласан нь бас үр дүнгээ өгч байна. Энэ онд хаврын тариалалтыг дэмжих зээлд 6 аж ахуй нэгж, 143 иргэн 3.8 тэрбум төгрөгийн дэмжлэгт хамрагдлаа Улаанбуудайн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх, зорилгоор Аймаг хөгжүүлэх сангаас 150,0 сая төгрөгийн “Итгэлийн зээл”-ийг 6 сумын 16 Аж ахуй нэгжид олгож 300тн бүс нутгийн онцлогт тохирсон буудайн 4 сортын элит үрийн шинэчлэл хийлгэж үйлдвэрлэл эрхлэгчидээ дэмжин бодлогын зорилтоо амжилттай хэрэгжүүллээ. Энэ жил манай аймгийн үр тарианы нэгжийн дундаж ургац 19,4 цн хүрч бас нэг түүхэн амжилтыг үзүүлсэн.
Манай аймаг таримал тэжээлийн үйлдвэрлэлээр улсдаа тэргүүлдэг. Энэ салбарт тулгамддаг асуудал бол жил бүрийн хавар үрийн хомсдолд ордог үүнийг шийдвэрлэх зорилгоор тариалан бүхий сумдад 30-40 хувийн хөнгөлөлттэй үнээр овьёосны үрийг ОХУ-аас шууд болон импортлогч ААН-үүдтэй гэрээ хэлцэл хийж нийлүүлсэн юм.үүний үр дүнд Таримал тэжээлийн үйлдвэрлэл 5,6 орчим мянган га-гаар нэмэгдсэн.
Өвөл, зуны хүлэмж, хүнсний ногооны үр, зоорь агуулах, ногоо тарих хураах техник тоног төхөөрөмжийн шинэчлэлд улсын төсвийн хөрөнгө оруулалтын 43,9 сая, орон нутгийн хөрөнгө оруулалтаар 40 сая, төсөл, хөтөлбөрөөр 1,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдлээ. Өнгөрсөн жилийн хувьд хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээр аймаг хөгжүүлэх сангаас хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжин 6 сумын 22 иргэнд 40 сая төгрөгийн зээлээр 8 тн сонгины үр, ХХААХҮЯ-наас хүнсний ногоо, хүлэмжийн таримлын үрийн үнийг 80 хувиар хөнгөлж, 43,9 сая төгрөгийн 11 төрлийн 21,6 тн үрийг тус тус нийлүүлснээр хүнсний ногооны тариалалт 67 га-аар нэмэгдэж 871 тн ургац хураан авлаа. Хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, эрсдэлийг бууруулахад техник, технологийн шинэчлэлийн хүрээнд улсын төсвөөс 1.8 тэрбум төгрөг, хувийн хөрөнгө оруулалтаар 10.1 тэрбум төгрөг буюу нийт 11.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэнээр төмс, хүнсний ногооны техникийн шинэчлэл 73 хувь, үр тариа, таримал тэжээлийн техникийн шинэчлэл 82 хувьд тус тус хүрсэн байна.
-Мал аж ахуйн чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлаасаа хуваалцвал?
-Аймгийн хэмжээнд малын удмын санг хамгаалахтай холбогдсон төрийн бодлого, хууль тогтоомж, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг орон нутагт зохион байгуулах, стандартын шаардлага хангасан өсвөр хээлтэгч, хээлтүүлэгч малаар сүрэг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлт, зах зээл эдийн засгийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан бэлчээрийн мал аж ахуйг хөгжүүлэхэд малын үржлийн ажлыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх зэргээр мал аж ахуйн үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх ажлын хүрээнд “Шинэ хөдөө” төслийг хэрэгжүүлэн, тал хээрийн бүсийн 5 сумын 180 толгой үнээг Сэлэнгэ, Герефорд үүлдрийн бухны үрээр зохиомол хээлтүүлэгт хамруулж, 150 толгой Барга, Үзэмчин үүлдрийн өсвөр хуц сайжруулагчаар нийлүүллээ. Дээрх ажлыг орон нутгийн төсвийн 50.2 сая төгрөгийн хөрөнгөөр хийсэн байна. Мөн нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх, биотехнологийн ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилгоор “Зохиомол хээлтүүлэг”-ийн болон “Мал бүртгэлжүүлэлтийн аян”-ыг аймгийн хэмжээнд зохион байгуулж, эрчимжсэн аж ахуй бүхий 15 сумын 2103 үнээг зохиомол хээлтүүлэгт хамруулсан нь өмнөх оноос 28,5 хувиар өсч, цөм сүргийн хээлтэгч, хээлтүүлэгч 10,3 мянган толгой малыг ялган тэмдэглэж, бүртгэлжүүллээ. 2021 онд орон нутгийн төсвийн 390,0 сая төгрөгийн хөрөнгөөр 26 суманд 26 худаг шинээр гаргалаа. Аймгийн хэмжээнд 2972 худаг ашиглагдаж байна. Жил бүр улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 20-30 худаг шинээр гаргаж бэлчээр усжуулалт аймгийн хэмжээнд 70.8 хувьд хүрч, малчин өрхийн усан хангамж 97.5 хувь, усжуулагдсан бэлчээрийн талбай 3.8 сая га болоод байна.
Үндэсний боловсруулах үйлдвэрт ноос тушаасан 27 сумын 5444 малчин өрхөд 1,4 тэрбум, арьс ширний урамшуулалд 3364 малчин өрхөд 1,2 тэрбум төгрөгийн урамшуулал тус тус олголоо. Өвөл, хаврын улиралд төвлөрсөн хот, суурин газрын хүн амыг сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах зорилгоор малын түүхий сүү нийлүүлсэн 3135 малчин фермерүүдэд 979,6 сая төгрөгийн урамшуулал олгоод байна.
-Хөдөө аж ахуйн чиглэлийн үйлдвэрлэл худалдаа, хоршоодын талаар мэдээлэл өгвөл?
-Манай аймгийн эдийн засгийн үндсэн салбар ХАА-н үйлдвэрлэлийг зохистой харьцаанд хөгжүүлэх, “Хөдөө аж ахуйн стратегийн бүс нутаг”, Засгийн газрын “Хүнс үйлдвэрлэгч, экспортлогч улс болох зорилтыг хангах түшиц аймаг” , “Бэлтгэн нийлүүлэгчээс үйлдвэрлэгч аймаг”, болох томоохон зорилтыг дэвшүүлэн хөдөө ахуй, боловсруулах салбарын үйлдвэрлэлийн хөгжлийг хангах бодлого зорилтын хүрээнд аймгийн “Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлт”-ийг боловсруулж, байгалийн 3 бүс, эдийн засгийн 8 тойрогт хувааж, тойрог бүрт хөгжүүлэх хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, эдийн засгийн тойргуудад хэрэгжих 24 төслийн боловсруулан Засгийн газрын 278 дугаар тогтоолоор батлуулан мах сүүний хувьд бид эрчимжсэн аж ахуйг кластер хэлбэрээр хөгжүүлэх бодлого баримталж анхан шатны болон дундын хоршоодод түшиглэн хэрэгжүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна.
Энэ онд бид эхний ээлжийн төслүүдийг хэрэгжүүлж эрчимжсэн үхрийн аж ахуйг Баяндэлгэр, Аргалант суманд, Ноолуурын анхан шатны боловсруулалт, тухайлсан нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрийг Сэргэлэн суманд, Мах боловсруулах үйлдвэрийг Эрдэнэ, Аргалант, Сэргэлэн суманд байгуулж байна. Аймгийн хэмжээнд нийт 263 үйлдвэр, цех үйл ажиллагаа явуулж байгаагаас 104 хүнсний үйлдвэрлэл эрхэлж байгаа томоохон үйлдвэрлэгч аймаг юм.
Газар зүйн байршлын хувьд онцлог давуу талтай манай аймгийн үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид, малчид маань нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээ буюу сүүний хэрэгцээний 45 орчим хувь, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээний 30 орчим хувь, мах, махан бүтээгдэхүүний хэрэгцээний 40 орчим хувийг хангаж байна. Бид энэ онд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг санхүү зээлийн бодлогоор дэмжин тусгай сангуудаас 309 төсөлд 3068.0 сая төгрөгийн урт хугацаатай, хөнгөлттэй зээл олголоо. Мөн Коронавирусийн халдварт цар тахлын эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөг бууруулах, бизнесийн үйл ажиллагаа, зах зээлийн идэвхжлийг сэргээх зорилтын хүрээнд “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г Монгол Улсын Засгийн газраас боловсруулан баталж хөнгөлºлттэй зээлийг олгож байна. Одоогийн байдлаар аймгийн хэмжээнд 41 аж ахуй нэгж, 1387 иргэнд 32.4 тэрбум хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлсэн.
Үүнд 3%-ийн хүүтэй “Ажлын байрыг дэмжих зээл”-ийг 35 аж ахуй нэгж 450 иргэнд нийт 19.4 тэрбум төгрөг, “Малчдыг дэмжих зээл”- ийг 794 иргэнд 9.2 тэрбум, “Хаврын тариалалтыг дэмжих зээл”-ийг 13 аж ахуй нэгж, 143 иргэнд 3.8 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгосон байна. Мөн 1552 төсөлд 33.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлэн 8 суманд 11 цех шинээр байгуулан 42 цехийн үйл ажиллагаа тогтмолжиж, 300 ажлын байр шинээр бий болж, аж үйлдвэрийн салбар өмнөх оноос 78,5 хувиар өссөн дүнтэй байна.
-Төв аймгийн хөдөө аж ахуйн стратеги төлөвлөлт орон нутагт анхан шатны болон дундын хоршоодод түшиглэн хэрэгжих юм байна. Хоршооны талаар ямар бодлого шийдвэр баримтлан ажиллаж байна вэ?
-Монгол Улсын Их Хурлаас хоршооны эрх зүйн орчинг бүрдүүлэн “Хоршооны тухай хууль” 2021.05.06 өдөр батàëсан. Мөн 2020оны 12 сарын 13 ны өдөр “Хоршоог дэмжих сан”-ийн журмыг батлан цаашид хоршооллын салбар хөгжих эрх зүйн орчинг бүрдүүлсэн.
Манай аймаг энэ онд “Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр-Ш” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх аймгийн төлөвлөгөөг 5 зорилт 29 хэрэгжүүлэх арга хэмжээтэй боловсруулан, батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Аймгийн хэмжээнд анхан шатны хоршоо нийт 189, дундын 1 хоршоо үйл ажиллагаа явуулж хоршоодын хөгжлийг бодлогоор дэмжин ажиллаж байна. Хоршоодыг үйл ажиллагааг дэмжин Аймаг хөгжүүлэх сангаас нийт 11 хоршоонд 345.0 сая төгрөгийн зээлийн хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүллээ.
Хоршоолсон хэлбэрээр мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор дундын 1, анхан шатны 16 хоршоо үйл ажиллагаа явуулж бод, бог малыг бордон мах боловсруулах 3 үйлдвэр, 8 цехэд нийлүүлэн ажиллаж байна. Мөн бид мах махан бүтээгдэхүүний экпортыг нэмэгдүүлэх зорилгоор Лүн суманд БНХАУ-ын 15.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Эрүүл Монгол-Эко мах” ХХК мах боловсруулах үйлдвэр байгуулахаар 2 га газрыг орон нутгаас шийдвэрлүүлэн энэ онд ашиглалтанд оруулахаар ажиллаж байна.
Хоршоолсон хэлбэрээр сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн өрхийн амжиргааг сайжруулах зорилгоор Батсүмбэр сумын “Үдлэг шим”, Баянчандмань сумын “Илт Оргил”, Борнуур сумын “Арганат баян хангай” сүү бэлтгэн нийлүүлэх анхан шатны 3 хоршоо шинээр байгуулагдан үндэсний үйлдвэрлэгч “Витафит”ХХК, “Сүү”ХК, “АПУ”ХХК-иудтай хамтран 12 тн багтаамж бүхий сүү төвлөрүүлэх хөргөлтийн 3 төв шинээр ашиглалтад оруулснаар аймгийн хэмжээнд нийт 12 суманд 202 тн-ын багтаамжтай сүү төвлөрүүлэх 45 цэг үйл ажиллагаа явуулж Улаанбаатар хотын хүн амыг хүнсний хэрэгцээг ханган ажиллаж байна.
–Өвөлжилт ямар байсан бэ?
-Өвөлжилт хүндэрсэн сум байхгүй бөгөөд өнөтэй сайхан давлаа.
-Ярилцсанд баярлалаа.