• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
БОЛОВСРОЛЫН БАГЦ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЖ БАЙНА
Төв аймаг боловсролын салбарт “Цахим сургалтын систем”-ийг нэвтрүүлж, анги нийтээр нь чанартай сургасан багш нарыг урамшуулах, сургалтын чанар үр дүнг улсын дунджаас дээгүүр үзүүлэлтэд хүргэх бодлого, чиглэлийг баримтлан ажиллаж байна.
Энэ өдрүүдэд Монгол улсад орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж байна. УИХ-ын гишүүн Ж.Батжаргалын санаачилга, дэмжлэгээр БШУЯ-ны ажлын хэсэгтэй хамтран УИХ-д өргөн мэдүүлсэн “Боловсролын ерөнхий хуулийн төсөл” болон хамт өргөн мэдүүлсэн “Сургуулийн өмнөх боловсролын тухай”, “Хүмүүнлэгийн боловсролын тухай” хуулийн төслүүдийн хүрээнд Төв аймгийн бүх шатны боловсролын байгууллагын төлөөлөл багш, ажилтан, суралцагч, эцэг эхийн төлөөлөл төрийн болон төрийн бус байгууллагыг оролцуулан “Боловсролын багц хуулийн төслийн хэлэлцүүл”-ийг зохион байгуулж байна. Хэлэлцүүлгийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Т.Энхтүвшин, аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, Засаг даргын орлогч Ц.Буманбуян, НБХ-ийн дарга Д.Мөнхцэцэг нар оролцож байна. Манай аймгийн хувьд “Боловсролын багц хууль”-ийн төслийн хэлэлцүүлгийг 48 цэцэрлэгийн 255, Ерөнхий боловсролын 30 сургуулийн 957 буюу нийт 1212 багш, удирдах ажилтан, ажиллагсдыг хамруулан сум, сургууль, цэцэрлэгийн түвшинд, сургалтын байгууллагын удирдлагын түвшинд, бүсийн түвшинд нийт 3 удаа зохион байгуулж, хэлэлцүүлгээс гарсан саналыг нэгтгэн боловсруулж үндэсний хэмжээний цахим хэлэлцүүлэгт танилцуулан, албан тоотоор БШУЯ-ны ажлын хэсэгт хүргүүлэн ажилласан. Дээрх хэлэлцүүлгээс гарсан саналуудыг нэгтгэн дүгнэвэл хуулийн төсөлд өөрчлөх, өөрчлөн найруулах, нэмэлтээр оруулах 4 бүлгийн 63 заалт, хасах 4 заалт байгааг тодорхойлжээ.
Хэлэлцүүлгийн эхэнд Хуулийн ажлын дэд хэсгийн гишүүн Ж.Ганбаатар “Боловсролын ерөнхий хуулийн талаарх танилцуулга, мэдээлэл” хийсэн бол үргэлжлүүлэн БШУЯ-ны Ерөнхий боловсролын хэлтсийн дарга А.Цолмон “Сургуулийн өмнөх болон Ерөнхий боловсролын тухай хуулийн төсөл”-ийн талаар танилцууллаа. Үүний дараа хэлэлцүүлэг чөлөөт ярилцлага, асуулт хариултаар үргэлжилнэ.

 

2021-12-28 12:11:04