• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ИХ ЗОХИОЛЧ Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН “ХҮНИЙ ХӨГЖИЛ, МЭДЭЭЛЛИЙН ЦАХИМ ТӨВ” БОЛНО
Монголын шинэ үеийн уран зохиолыг үндэслэгч, их соён гэгээрүүлэгч, зохиолч, яруу найрагч, орчуулагч, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, хүүхэд, залуучуудын байгууллагыг үүсгэн байгуулагч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 115 жилийн ой тохиож байна. Их зохиолчийн мэндэлсэн өдөр буюу 2021.11.17-ны өдөр Их зохиолчийн нэрэмжит аймгийн Нийтийн номын сан шинэ барилгаа хүлээн авч, нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Н.Энхболд, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Соёлын дэд сайд М.Батбаяр, аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн, аймгийн Засаг даргын орлогч Ц.Буманбуян тэргүүтэй аймаг сумын удирдлагууд, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, Төрийн соёрхолт П.Бадарч, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Дулмаа, Болор цомын эзэн, Д.Нацагдоржийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ц.Хулан болон Монголын үгийн урлагийн нэрт төлөөллүүд оролцлоо.
Аймгийн Нийтийн номын санд засвар, шинэчлэл хийх ажлыг УИХ-н гишүүн Н.Энхболд санаачилсан бол УИХ-ын гишүүн Ж.Батжаргал БНСУ-ын Пёнтак хоттой хамтын ажиллагааны хүрээнд санамж бичиг байгуулан барилгын ажлыг эхлүүлж байв. Уг барилга нь БНСУ-ын Пёнтак хот болон орон нутгийн төсвийн 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар бий болсон орон нутагтаа анхдагч, томоохон бүтээн байгуулалт юм.
1944 онд олон түмэнд ном хэвлэлээр үйлчлэх зорилгоор үйл ажиллагаагаа эхлүүлж байсан аймгийн Нийтийн номын сан нь 1990 оноос нэг ээлжиндээ 120 хүн хүлээн авах, 100 мянган ном байрлуулах хүчин чадалтай зориулалтын байранд орж байжээ. Номын сангийн шинэ барилга нь насанд хүрэгчдийн уншлагын танхим, хүүхдийн уншлагын танхим, гэрээр ном олгох танхим, цахим мэдээллийн танхим, лавлагаа мэдээлэл, тогтмол хэвлэлийн танхим, сургалтын танхим зэргээс бүрдэж байгаа бөгөөд хүчин чадал нь нэг дахин нэмэгдэж 238 хүний суудалтай болж, нийт 34435 ном, хэвлэлийн материалтайгаар үйл ажиллагаагаа явуулах юм.
2021 онд Д.Нацагдоржийн нэрэмжит Төв аймгийн нийтийн номын сан “Хүний хөгжил, мэдээллийн цахим төв” болгох уриа дэвшүүлэн, орон нутгийн 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинэ тавилга, тоног төхөөрөмжүүдтэй болсон бол “Цахим номын сан” хөтөлбөрийн хүрээнд 20 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Төв аймгийн түүхийн хэлхээ “Анхдугаар V жил сонин”-г цахим хэлбэрт оруулан орон зай харгалзахгүйгээр мэдээлэл авах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.
2021-11-30 17:19:39