• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ТӨВ АЙМАГ 435.0 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, ТӨМС, ТАРИМАЛ ТЭЖЭЭЛИЙН УРГАЦААР УЛСДАА ТЭРГҮҮЛЛЭЭ
Төв сайхан нутгийнхаа өгөөж баян, үржил шимт хөрсөнд ургуулсан экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хүн амынхаа хүнсний хэрэгцээг, аж үйлдвэрийн салбарыг чанартай түүхий эдээр хангах ариун үйлсэд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулж, өндөр амжилт гарган ажиллаж байгаа үе үеийн тариаланч, ногоочид, механикжуулагчид, мэргэжилтнүүд, аж ахуйн удирдлагуудад хүндэтгэл үзүүлж Төв аймаг “Ургацын баяр 2021” арга хэмжээг зохион байгуулж байна. “Ургацын баяр”-ын арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, УИХ-ын гишүүн Ц.Туваан, Төв аймгийн нутгийн зөвлөлийн дарга С.Батболд, аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн, Засаг дарга Д.Мөнхбаатар тэргүүтэй аймаг, сумын удирдлагууд болон газар тариалангийн салбарын үе үеийн удирдах ажилтан, Хөдөлмөрийн баатрууд, гавьяатууд, тариаланч, механикжуулагч, ногоочид, мэргэжилтнүүд оролцлоо. “Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”,“Газар тариалангийн үйлдвэрлэлийн талаар баримтлах аймгийн бодлого”-д дэвшүүлсэн зорилтоо хангах хүрээнд төр хувийн хэвшлийн хамтын түншлэл, тариаланчдын уйгагүй хичээл зүтгэл, байгаль цаг уурын тааламжтай нөхцөлийн үр дүнд энэ онд Төв аймаг үр тариа 77.6 мян.га-д тариалж, үүнээс буудай 68.7 мян.га, төмс 12.2 мян.га, хүнсний ногоо 1.6 мян.га, таримал тэжээл 44.4 мян.га, тосны ургамал 26.0 мян.га, жимс, жимсгэнэ 25.4 га буюу нийт 162.1 мян.га-д тариалалт хийж, өмнөх оноос үр тариа 10.2 мян.га-аар, төмс 1.3 мян.га, таримал тэжээл 19.0 мян.га, жимс, жимсгэнэ 5.9 мянган га-аар тус тус өсч нийт 435.0 мянган тонн ургац хураан авч төмс, таримал тэжээлийн үйлдвэрлэлээр улсдаа дахин тэргүүллээ.
Аймгаас тариаланчдаа дэмжин "Ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй зээл"-ээс хаврын тариалалтыг дэмжиж 6 аж ахуй нэгж, 143 иргэнд 3.8 тэрбум төгрөгийн зээл олгосон бол стратегийн гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн улаанбуудайг нэмэгдүүлэх, үрийн шинэчлэл хийх зорилгоор аймаг хөгжүүлэх сангаас 150.0 сая төгрөгийн “ИТГЭЛИЙН ЗЭЭЛ”-ийг 6 сумын 16 аж ахуйн нэгж, иргэнд олгож буудайн элит үр 300 тн-ыг, сонгины тариалалтыг нэмэгдүүлэхээр 6 сумын 22 иргэнд 40 сая төгрөгийн зээл олгосон юм. Мөн хүнсний ногоо, хамгаалагдсан хөрсний үйлдвэрлэл, зоорь агуулахын аж ахуйг хөгжүүлэхэд зориулан төсөл, хөтөлбөр, тусгай сангуудаас нийт 495.0 сая төгрөгийн хөнгөлөлтэй зээл, хүлэмж, нийлэг хальс, ногооны үрийг 27 сумын 425 аж ахуйн нэгж, иргэнд олгосноор хамгаалагдсан хөрсний үйлдвэрлэл 11600 мкв-аар, зоорийн багтаамж 1500 тонн болон өссөн байна.
2021-11-30 11:04:22