• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХАМТАРСАН УУЛЗАЛТ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “Дэлхийн зөн” олон улсын байгуулагатай хамтран “Хамтын ажиллагаа” сэдвийн дор төрийн бус байгууллагуудтай уулзалт зөвлөгөөн зохион байгуулж байна.
Уулзалтын зорилго нь төр болон иргэний нийгмийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах, төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх, иргэдийн нийгэм дэх оролцоог дээшлүүлэх юм.
Өнөөдрийн байдлаар Төв аймагт албан ёсны бүртгэлтэй 300-аад төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод үйл ажиллагаагаа явуулж байгаагаас идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг 70 орчим байгууллага байна. тэдгээрийг төлөөлж нийгэмд үйлчилдэг 35 Төрийн бус байгууллага өнөөдрийн зөвлөгөөнд оролцож байна.
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2009 оны 08 дугаар тогтоолоор батлагдсан “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас тус аймагт үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагатай харилцан ажиллах журам”-ыг баталсан. Уг журмын хүрээнд төрийн бус байгууллагуудыг хүлээн авч, санал хүсэлтийг нь сонсож, хамтын ажиллагааны чиглэл тогтоох, ТББ-уудыг дэмжиж ажиллах, урамшуулал, санхүүжилтийг нэмэгдүүлэх, төсөл хөтөлбөрийг сонгон шалгаруулж хамтран ажиллаж ирсэнээр аймаг орон нутгийн хөгжил, төрийн үйлчилгээний салбарт ТББ-ын оролцоо үйл ажиллагаа идэвхижиж байна.
Зөвлөгөөнийг нээж ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн хэлсэн үгэндээ “Хэдийгээр төрийн бус байгууллагууд олноор байгуулагдан гишүүн элсэгчдийн тоо өссөөр байгаа боловч олонх нь шинэ тутам байгуулагдсан, бэхжиж чадаагүй, үйл ажиллагаа явуулахад хөрөнгө санхүү, туршлага дутах тохиолдол их байгааг харгалзан энэ чиглэлээр дэмжлэг үзүүлэхэд бид цаашид анхаарал хандуулах болно” гэдгийг дурдлаа.
Зөвлөгөөнөөр “Төсөл хэрхэн бичиг, амжилттай хэрэгжүүлэх арга зүй”, “ТББ тогтвортой үйл ажиллагаа явуулах арга зүй”, “ОУ-ын төсөл хөтөлбөр, гадаад зээл тусламжид хэрхэн хамрагдах, бизнесийн зөвлөгөө” зэрэг сургалтууд багтсан ба зөвлөгөөнд оролцогчдоос цаашид хамтран ажиллах уриалгын төслийг батлах юм.
Мөн Дэлхийн Зөн ОУ-ын байгууллагаас “ТББ-ын чадамжийн үнэлгээ” хийж үр дүнг танилцууллаа.
Аймгийн Засаг даргаас ТББ-тай хэрхэн хамтран ажиллаж байгаа тухай, Иргэний нийгмийн сүлжээ болон ТББ-уудын үйл ажиллагааны талаарх мэдээлэл, Дэлхийн Зөн ОУБ-ын үйл ажиллагаа зэрэг мэдээллүүдийг холбогдох байгууллагуудын зүгээс хийж танилцууллаа.
2021-11-30 11:00:10