• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ТӨВ АЙМАГТ “БӨӨРӨЛЖҮҮТ ЦАХИЛГААН СТАНЦ”-ЫН ЭХНИЙ БЛОК АШИГЛАЛТАД ОРЛОО
Намрын адаг сарын шинийн 3-ны Дашням, Балжинням давхцсан билэгт сайн өдөр Төв аймгийн Баян, Баянжаргалан сумын Бөөрөлжүүтийн нүүрсний уурхайг түшиглэсэн 600мвт-ын хүчин чадал бүхий “Бөөрөлжүүт цахилгаан станц” төслийн эхний блок 150мвт-ын хүчин чадалтай станц ашиглалтад орлоо. Хоёр дахь ээлжийн 150 мвт станцыг ирэх 2025 онд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. 2021 онд аймгийн “Хөгжлийн түүчээ-Төв аймаг” хөрөнгө оруулагчдын чуулган энэхүү төслийг хэрэгжүүлэхээр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж байсан бол өнөөдөр уг гэрээ амжилттай хэрэгжиж нээлтээ хийлээ. Шинэ станцын нээлтэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газар, УИХ-ын гишүүд, Төв аймгийн Засаг дарга болон бүтээн байгуулагчид оролцлоо. Станц төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд холбогдсоноор цахилгаан эрчим хүчний тогтвортой, найдвартай, аюулгүй ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэх юм. Мөн цахилгаан станцад 540, нүүрсний уурхайд 500 нийт 1000 гаруй шинэ ажлын байр бий болгож, төсвийн орлогыг нэмэгдүүлж, улс аймгийн эдийн засагт томоохон нэмэр оруулах төсөл юм. Төсөлд ажиллах боловсон хүчнийг Төв аймгаас бэлдэхээр гэрээ байгуулж, гэрээний дагуу оюутан залуучуудыг сургаж байна.

 

2024-10-05 09:00:00