• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛД НЭР ДЭВШИГЧИД ҮНЭМЛЭХЭЭ ГАРДАН АВЛАА
Өнөөдөр аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэх гардуулах ажиллагааг орон даяар зохион байгуулав. Төв аймгийн хэмжээнд энэ удаагийн сонгуульд оролцохоор 12 нам мөрийн хөтөлбөрөө аудитад хянуулснаас, 5 нам сонгуульд оролцохоо илэрхийлж, бүртгэгдсэн. Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн зарим статистик тоон мэдээллийг товч танилцуулбал: Аймгийн ИТХ-ын сонгуулийн 35 тойрог, 41 мандатад 87 нэр дэвшигч бүртгүүлснээс 25.3 хувь нь буюу 22 эмэгтэй, 74.7 хувь буюу 65 эрэгтэй нэр дэвшигч байгаа нь 2020 оны орон нутгийн сонгуулиас эмэгтэй нэр дэвшигчийн тоо 3.3 хувиар өсчээ. Аймгийн хэмжээнд аймгийн 41, сумын 527 нийт 568 мандатад 1185 нэр дэвшигч бүртгэгдсэнээс МАН 568 нэр дэвшигчээс 355 эрэгтэй, 213 эмэгтэй, АН-ын 560-аас эрэгтэй 350, эмэгтэй 210, ИЗНН 18-аас 12 эрэгтэй, 6 эмэгтэй, Иргэний хөдөлгөөний намын 34-өөс 20 эрэгтэй, 14 эмэгтэй, ХҮН нам 1 эрэгтэй, бие даагч 4 эмэгтэй тус тус нэр дэвшжээ. Нийт нэр дэвшигчдийн хамгийн залуу нь 21 настай бол хамгийн ахмад нь 70 настай, дундаж нас 45 байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн зохион байгуулалтад аймгийн болон 27 сумын Сонгуулийн хороо, 100 хэсгийн хорооны бүрэлдэхүүнд нийт 996, мэдээлэл технологийн баг, даамлаар 135, улсын бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан 100, цагдаагийн албан хаагч 107 нийт 1338 төрийн албан хаагч ажиллаж байна. 2024 оны ээлжит орон нутгийн сонгуулийн санал авах үйл ажиллагаа 10 дугаар сарын 11-ний 07 цагаас эхлэн 20 цагт дуусна. Ирцийн мэдээ болон санал хураалтын үйл ажиллагааны мэдээлэл УИХ-ын сонгуулийн мэдээлэлтэй адил СЕХ-ны болон холбогдох хэвлэл мэдээллийн байгууллагуудаар шууд дамжуулан хүргэх юм.

 

2024-09-26 10:00:00