• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.МӨНХБААТАР ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН АСУУДЛААР ХОЛБОГДОХ ХЭЛТЭС, СУМ, БАЙГУУЛЛАГА, ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
Уулзалтаар 18, 303, 90 айлын орон сууцны барилгын асуудлыг авч хэлэлцэв. Зуунмод хотын хэмжээнд байгаа 30-50 жилийн насжилттай, шугам сүлжээ хуучирсан орон сууцнуудад тулгамдаад байгаа асуудлыг ээлж дараатай шийдэж, босоо шугамтай байрнуудын шугам сүлжээг сольж, халаалт болон цэвэр усны асуудлыг бүрэн шийдвэрлээд байгаа юм. 18 дугаар байрны иргэн н.Энхтуяа байрны халаалтыг шийдэж халдаг болгосонд, иргэд бидэнд тулгамдаад байгаа асуудлыг ээлж дараатай шийдвэрлэж өгч байгаад талархаж байгаагаа энэ үеэр илэрхийллээ. Харин бохирын шугам, хэрэглээний халуун усны шугамын асуудал хүндрэлтэй байгааг тооцоолж, зураг төсөв хийн 2025 оны төсөв, төлөвлөгөөнд тусгахаар шийдвэрлэлээ. Мөн байрнуудын гадаах зам, талбайн тохижилтын асуудлыг авч хэлэлцэн тохижилтын зураглал хийхээр боллоо. /36 айлын орон сууцны урд талын гаражийг чөлөөлж, тоглоомын талбай иргэдийн амрах орчныг бүрдүүлсэн замаар тохижилтын зураглал хийгдэнэ/ Бас нэг яригдсан асуудал бол хуучин микрийн буудал дээрх худалдааны гудамжны асуудал байв. Энд худалдааны гудамж байх нь зөв хэдий ч хүний хөл хөдөлгөөн ихсэх тусам ариун цэврийн байгууламж, камержуулалт, төвлөрсөн хогийн цэгийн асуудал үүсээд байгааг шийдвэрлэсэн юм. Энэ удаагийн уулзалтад 303 дугаар байрны иргэдээс төлөөлөл оролцоогүй ч аймгийн Засаг даргын зүгээс иргэдэд чирэгдэл учруулж, тулгамдаад буй асуудлыг хуулийн хугацаанд бүрэн засварлаж, иргэдийг гомдолгүй болгох тал дээр анхааарч ажиллахыг “Ирксиб строй” ХХК-ний удирдлагуудад үүрэг болголоо. Мөн шинээр барьж байгаа “Зуунмод 80” буюу 90 айлын орон сууцны барилгын ажлыг стандартын шаардлагын дагуу чанарын өндөр түвшинд гүйцэтгэж хурдан шуурхай ашиглалтад оруулах үүрэг чиглэлийг өгсөн юм. Үүнд захиалга өгсөн иргэдийн амьдралын асуудал болон өвөлжилтийн асуудал яригдаж байгааг онцолсон бөгөөд хөрөнгийн асуудлаа шуурхай шийдвэрлэж хүн хүчээ нэмэгдүүлэх талаар анхаарахыг үүрэг болгов.

 

2024-07-23 12:00:00