• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
БҮРЭН СУМАНД 160 ХҮҮХДИЙН ШИНЭ ДОТУУР БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО
Бүрэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байр 1978 онд 50 ортой баригдсан. Энэ дотуур байранд орохоор жил бүр бүр 150-160 хүүхэд хүсэлт гаргадаг боловч хүчин чадал хүрэлцдэггүй байсан асуудлыг шийдвэрлэж 160 хүүхдийн шинэ дотуур байрыг барьж, ашиглалтад орууллаа. Бүрэн сумын Ерөнхий боловсролын сургуульд 550 гаруй хүүхэд суралцаж байгаагийн 401 нь малчин өрхийн хүүхэд юм. Дотуур байранд орох хүсэлт гаргасан хүүхдүүдийн 40 хувийг л дотуур байрандаа авдаг байсан бол ирэх хичээлийн жилээс 100 хувь хамруулах боломжтой болж байна. Нөгөө талаар малчин өрхийн хүүхэд сумын төвд амьдрахад айлд юмуу эсвэл гэрт амьдрах шаардлага тулгардаг. Үүнийг дагаж түрээс, түлээ нүүрс, тог цахилгаан зэрэг асуудал тулгарах нь бий. Энэ нь цаашлаад сум, орон нутгийн түвшний асуудал болох бэлчээрийн доройтол үүсэх суурь хүчин зүйл ч болдог байна. Шинэ дотуур байртай болж, малчдын хүүхдүүд тохилог, цэвэрхэн орчинд амьдарч, суралцсанаар сурлагын чанарт ахиц гарах боломж бүрдэж байгаа юм. Барилгын гүйцэтгэгчээр “Хөх үзүүр” ХХК ажиллалаа. Өнөөдөр ашиглалтад орсон Бүрэн сумын дотуур байрыг оролцуулаад 2016-2023 онд аймгийн хэмжээнд 14 дотуур байрыг барьж байгуулан, ашиглалтад хүлээлгэн өгөөд байна.

2024-06-25 15:00:00