• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
“НҮҮДЛИЙН ЦЭЦЭРЛЭГ” ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА
Монгол улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлж буй “Улс орнуудын хөтөлбөр”-ийг 2024-2025 онд аймаг, орон нутагтаа хэрэгжүүлж, хамтран ажиллах төлөвлөгөөнд аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан нар гарын үсэг зурсан билээ. Хамтын ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан олон ажлууд бодит ажил хэрэг болсоор байна. Үүний нэг нь бага насны болон өсвөр насны боловсролын чанар, хүртээмж хязгаарлагдмал хүүхдүүдэд цахим шилжилтэд шилжих суурь болон зөөлөн ур чадварыг эзэмших, суралцах тэгш боломжоор хангах зорилтын хүрээнд хэрэгжиж буй “Нүүдлийн цэцэрлэг” төсөл юм. Өнөөдөр аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг, БШУГ-ын дарга Нарантуяа болон НҮБ-ын хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан тэргүүтэй албаны төлөөлөл Төв аймгийн Алтанбулаг сумын Замт 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулж байгаа “Нүүдлийн цэцэрлэг”-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Алтанбулаг сумын хэмжээнд 2-5 насны 269 хүүхэд амьдардаг. Эдгээр хүүхдийн 160 нь танхимаар хичээллэдэг бол алслагдсан багт амьдардаг малчин, мал бүхий иргэдийн хүүхдүүд сургуулийн өмнөх боловсролд тэр бүр хамрагдах боломжгүй юм. Замт 4 дүгээр баг нь сумын төвөөс 100 орчим километрт оршдог, алслагдсан баг. Энэ багт хүүхдүүд хичээллэх, тоглох нөхцөл боломжийг бүрдүүлсэн тохилог, цэвэрхэн, дулаахан хичээлийн байрыг бэлтгэсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 15 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж, хичээлдээ хамрагдаж байна. Хичээлийг НҮБ-ын Хүүхдийн сангаас зуны нүүдлийн цэцэрлэгийн багш нарт зориулсан гарын авлага, аудио, видео хичээл бүхий таблет ашиглан зааж байгаа юм. Төв аймгийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 96.4 хувьд хүрч, улсын хэмжээнд жишиг болохуйц, сайн туршлагаар нэрлэгдээд байна. Алтанбулаг сумын “Нүүдлийн цэцэрлэг” дараагийн ээлжинд 3 дугаар багт очиж, хүүхдүүдээ хүлээн авна. Ингэснээр энэ хичээлийн жилд 30 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах юм.

 

2024-06-24 10:00:00