• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГА ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 70 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Орчин үеийн Газрын харилцааны салбар 1954 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 454 дүгээр тогтоолоор Хөдөө аж ахуйн яаманд “Газар зохион байгуулах хэлтэс” байгуулагдсанаар үүсэж хөгжжээ. Байгаль нийгмийн бүхий л үзэгдэл үйл явц газар дээр, газрын харилцааны хүрээнд явагдаж, энэ утгаар нь авч үзвэл хувь хүн болон хүний нийгмийн оршин тогтнол, хөгжил цэцэглэлтийн асуудлууд газрын харилцааг зохицуулсан хууль, тогтоомж хэр оновчтой, амьдралд нийцтэй байгаа болон тэдгээрийг хэрхэн шударгаар хэрэгжүүлж байгаагаас шууд хамаарч байна. Өнөөдөр энэхүү үйлсэд өөрийн хүч хөдөлмөр, мэдлэг чадвар, оюун ухаанаа дайчлан ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа ажилтан албан хаагчид түүхт 70 жилийн ойгоо тэмдэглэж, баярын хурлын арга хэмжээг зохион байгуулав. Баярын хуралд Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар оролцож салбарын үе үеийн ахмадууд, ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа хамт олон, газрын даамлууд, мэргэжлийн байгууллагын хамт олонд түүхт ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ. Ойн арга хэмжээний хүрээнд Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын хамт олон сайн үйлсийн аян өрнүүлж, Зуунмод сумын ЗДТГ болон бусад байгууллагуудтай хамтран өрх толгойлсон эмэгтэйн гэр бүлийн газрын асуудлыг шийдвэрлэж, иж бүрэн тохижилт бүхий хашаа барьж хүлээлгэн өгчээ. Мөн энэ өдөр Газрын тухай багц хууль болон газрын харилцааны шинэчлэл өөрчлөлтийг хэрэгжүүлэх ажлыг орон нутагт идэвхтэй зохион байгуулж, төрийн албанд олон жил тогтвор суурьшилтай ажилласан албан хаагчдыг салбарын болон аймгийн шагналаар шагнаж урамшуулснаас гадна иргэдэд төрийн үйлчилгээг цахимаар нээлттэй, ил тод, түргэн шуурхай үзүүлэх зорилтыг хэрэгжүүлэх, газрын харилцааны үйлчилгээний чанар бүтээмжийг нэмэгдүүлэх КИОСК төхөөрөмжийг үйлчилгээнд нэвтрүүлж Аргалант, Борнуур, Заамар сумдад гардуулан өглөө.
2024-06-14 11:00:00