• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ХОТ ХООРОНДЫН ЗОРЧИГЧ ТЭЭВЭР, ЗАХИАЛГАТ ТАКСИ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ТОДОРХОЙ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар 05 дугаар сарын 30-ны өдөр хот хоорондын зорчигч тээвэр, захиалгат такси үйлчилгээний асуудлаар аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс, аймгийн Автотээврийн төв, Цагдаагийн газар, Замын цагдаагийн тасаг, Зуунмод сумын ЗДТГ, Зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч “Чандмань хурд” хоршоо, захиалгат такси үйлчилгээ эрхлэгч “Алтан жолоо” хоршооны удирдлагуудтай уулзаж, зорчигч тээврийн үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, төрийн байгууллага, тээвэрлэлтийн үйлчилгээ эрхлэх байгууллагууд хууль, журмын хүрээнд хэрхэн уялдаа холбоотой ажиллах болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар үүрэг чиглэл өглөө. Зуунмод – Улаанбаатар- Зуунмод чиглэлийн хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг бага оврын автобусаар Зуунмод сумын Автотээврийн буудлаас Улаанбаатар хотын Драгон авто вокзал чиглэлд өглөөний 09:00 цагаас оройн 20:00 цаг хүртэл, захиалгат такси үйлчилгээг өглөө 06:00 цагаас үдшийн 23:00 цаг хүртэл зүүн чиглэлд Баянзүрх дүүргийн Тэнгэр худалдааны төв, баруун чиглэлд Хан - уул дүүргийн 19 дүгээр хороо буюу Эрэл чиглэлд явуулахаар урьдчилсан тов тогтоож, үйлчилгээг эхлүүлэхээр боллоо. Мөн Зуунмод хотын доторх такси үйлчилгээнд шинэ стандарт бүхий UB Cab үйлчилгээг нэвтрүүлэн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах чиглэлээр Зуунмод сумын Засаг даргын Тамгын газар судалж хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Албан ёсны зөвшөөрөлтэй хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ хууль, дүрэм журмын хүрээнд иргэдэд үйлчилж эхэлснээр иргэдийн аюулгүй тав тухтай, хурдан шуурхай зорчих боломж нөхцөл бүрдэж байна. Иймд иргэн та өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгө, аюулгүй байдлаа бодон зөвшөөрлтэй, хяналттай албан ёсны тээврийн хэрэгслээр үйлчлүүлээрэй.

 

2024-05-30 13:00:00