• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГА ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ ТҮҮХТ 20 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ХУРАЛ БОЛЛОО
Баярын хурлын арга хэмжээнд Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар оролцож Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангаж, эх орон, ард иргэдээ болзошгүй аюул, ослоос авран хамгаалах хүндтэй бөгөөд хариуцлагатай албыг гүйцэтгэж ирсэн, одоо ажиллаж буй үе үеийн ажилтан, албан хаагчдад баяр хүргэж, амжилт хүслээ. Мөн энэхүү арга хэмжээнд Онцгой байдлын Ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Төв аймгийн Засаг даргын зөвлөх Ц.Буманбуян, Онцгой байдоын Ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Г.Үнэнбаатар, Төв аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Г.Эрдэнэбат болон үе үеийн ахмад ажилтан, албан хаагчид, тэдний гэр бүлийн төлөөлөл оролцов. Төв аймгийн Онцгой байдлын газар нь 1958 онд Төв аймгийн Цагдан сэргийлэх хэлтсийн харъяанд гал хариуцсан 2 байцаагчтайгаар ажиллаж эхэлснээр үүсэн байгуулагдаж, 1976 оны 9 дүгээр сард Нийгмийн аюулаас хамгаалах яамны сайдын 236 тоот тушаалаар Зуунмод хотод Гал унтраах ангийг Цагдан сэргийлэх хэлтсийн харъяанд, 1991 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 90 дүгээр тогтоолоор Төв аймагт Гал түймэртэй тэмцэх алба, 1999 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Төв аймгийн Засаг даргын 165 тоот захирамжаар Гал түймэртэй тэмцэх хэлтэс, Монгол Улсын Засгийн газар 2004 оны 51 дүгээр тогтоол гаргаж эх орон ард түмнийхээ амар амгалан аюулгүй байдлын төлөө зүтгэж ирсэн Гал түймэртэй тэмцэх байгууллага, Иргэний хамгаалалтын байгууллага, Улсын нөөцийн байгууллагыг нэгэн тугийн дор нэгтгэж гамшгаас хамгаалах нэгдсэн тогтолцоонд шилжүүлснээр Засгийн газрын 2005 оны 48 дугаар тогтоолоор Төв аймгийн Онцгой байдлын хэлтэс, 2008 оны 04 дүгээр сард Онцгой байдлын газар болж өргөжин ажиллаж байна. Төв сайхан нутгийнхаа ард иргэдийн амгалан тайван, аюулгүй амьдарлын нэгэн баталгаа болж хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллаж байгаа Сүхбаатарын одонт, Хүндэт чекист хурандаа Ж.Жанчивын нэрэмжит Төв аймгийн Онцгой байдлын газар нь сүүлийн 5 жилийн хугацаанд Ой хээрийн түймрийн-30, Объектын гал түймрийн-272, Эрэн хайх аврах ажиллагааны-137, Аадар бороо, үерийн-32, Хүчтэй салхи шуурганы-24 Нийт-495 удаагийн дуудлага мэдээллээр гамшиг, ослын голомтод үүрэг гүйцэтгэж 2795 хүний амь нас, төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд, иргэдийн 9.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ. Алба хаагчдын ажиллаж амьдрах ая тухтай орчин нөхцлийг бүрдүүлэх, албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангах зорилгоор 1.744.600.000 төгрөгийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлыг хийж гүйцэтгэж, Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор зарим сумдад Гал түймэр унтраах, аврах анги, Эрэн хайх аврах бүлгийг байгуулан үүргээ гүйцэтгэж байна. Мөн энэ өдөр эх орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, хэлж ирдэггүй аюул, ослоос авран хамгаалах, урьдчилан сэргийлэх үүргийг гүйцэтгэж байгаа албан хаагчдаа Төрийн болон салбарын шагнал, аймаг, орон нутгийн шагналаар шагнаж урамшууллаа.

 

2024-05-27 10:00:00