• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
“ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН СОР ҮЗМЭРҮҮД ЗУУНМОД ХОТОД” ҮЗЭСГЭЛЭН 07 ДУГААР САРЫН 04-НИЙ ӨДРИЙГ ДУУСТАЛ АЙМГИЙН МУЗЕЙД ДЭЛГЭГДЭНЭ
Монгол улсад Орчин цагийн Музей үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой, Олон улсын Музейн өдрийг тохиолдуулан аймгийн Музейгээс санаачлан Шинжлэх ухааны академийн Палеонтологийн хүрээлэнтэй хамтран “Үлэг гүрвэлийн сор үзмэрүүд”-ээс бүрдсэн үзэсгэлэнг өнөөдрөөс эхлэн 07 дугаар сарын 04-нийг дуустал гаргахаар төлөвлөж, нээлтээ хийлээ. Үзэсгэлэнгийн нээлтэд ШУА-н Палеонтологийн хүрээлэн, Эртний амьтан, ургамал, сан хөмрөгийн Салбарын эрхлэгч, судлаач С.Өлзийцэрэн хүрэлцэн ирж оролцсон юм. Жил бүр аймгийн Музейгээс тодорхой сэдвийн дор музейн сан хөмрөг болон бусад Төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтарч үзэсгэлэн зохион байгуулдаг уламжлалтай. Өнгөрсөн жилүүдэд Богд хааны ордон музей, ШУА-ийн түүх, угсаатны зүйн хүрээлэн, Монгол Арт галерей, Уран зургийн галерей зэрэг олон байгууллагуудтай хамтран ажиллаж байв. Тухайлбал ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн Эртний ургамал, амьтны сан хөмрөгтэй хамтран Төв аймгийн нутгаас олдсон арслан заан, савагт хирсний олдворуудаар 2018 онд “Мөстлөгийн үеийн үлэмж биетнүүд” нэртэй үзэсгэлэн гаргаж байсан бол энэ онд Үлэг гүрвэлийн олдворуудаар үзэсгэлэн дэлгэж байгаа нь хоёр дахь тохиолдол болж байна. Хүүхэд багачууд, оюутан, залуучууд, иргэд та бүхнийг Төв аймгийн Музейгээр зочилж, сонирхолтой үзмэрийн ертөнцөөр аялахыг урьж байна. Төв аймгийн Музей Төв аймгийн Соёл урлагийн газар

 

2024-05-20 09:00:00