• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ТӨВ АЙМАГ, БНСУ-ЫН СҮНЧОН ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ ҮЗЭГЛЭЖ, ТУС СУРГУУЛЬД ЭЛСЭН СУРАЛЦАХ ЗАЛУУЧУУДАД “БАТЛАМЖ” ГАРДУУЛЛАА
Төв аймаг 2024 оныг “Залуучуудын манлайлал – Гэр бүлийн хөгжлийг дэмжих” урианы жил болгон зарлаж, хүүхэд, залуучууд, гэр бүлийг дэмжих, хөгжүүлэх чиглэлээр олон арга хэмжээг төлөвлөн, хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд өнөөдөр аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг, БНСУ-ын Сүнчон их сургуулийн Гадаад харилцааны газрын дарга Кан Шиг Вон нар боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөгжүүлэх “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Санамж бичиг байгуулснаар Төв аймгийн хүүхэд, залуучууд БНСУ-ын Сүнчон Их сургуульд элсэн хэлний бэлтгэл, бакалавр, магистрын түвшинд суралцах боломжтой болж байгаагаас гадна тухайн орчинд нь хэлний мэдлэгээ сайжруулж, тус улсын ахуй, соёлтой танилцах боломж нээгдэж байгаа юм. Сүнчон их сургууль нь 1935 онд “Хөдөө аж ахуйн сургууль” нэртэйгээр байгуулагдсан. Хөдөө аж ахуй, байгаль орчны чиглэлээр сургалтын үйл ажиллагаагаа явуулдаг, олон жилийн туршлагатай төрийн өмчит улсын сургууль бөгөөд төлбөр хямд, тэтгэлэг олголт хамгийн өндөр гэдгээрээ алдартай сургууль. Тэр ч утгаараа хүүхэд, залуусын хэлний бэлтгэлийн төлбөрийг 50 хувь хөнгөлөх, Солонгос соёлын богино хугацааны хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй 10 сурагчийг үнэ төлбөргүй хамруулах, төрийн залуу албан хаагчид, магистр, докторын хөтөлбөрт элсэх зорилгоор хэлний бэлтгэлд хамрагдах хүсэлт гаргасан залуучуудад нэг семестрийн тэтгэлэг олгох боломж байгаа талаар Санамж бичигт дурджээ. Энэ үеэр БНСУ-ын Сүнчон Их сургуульд элсэн суралцах тэтгэлэгт хамрагдсан Төв аймгийн оюутан, залуучуудад суралцах эрхийн “Батламж” гардуулсан юм. Хамтын ажиллагааны гэрээ байгуулах арга хэмжээнд аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар оролцож БНСУ-ын Сүнчон Их сургуулийн төлөөлөл, “Батламж”-аа гардан авсан Төв сайхан нутгийн залуучууд, тэдний гэр бүлийнхэнд баяр хүргэж, амжилт хүслээ.

 

2024-05-16 12:00:00