• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
АЙМГИЙН ХҮҮХДИЙН XIX ЧУУЛГАНД ҮЕ ТЭНГИЙНХНЭЭ ТӨЛӨӨЛӨН 143 ХҮҮХЭД ОРОЛЦОЖ БАЙНА
Төв аймгийн Хүүхдийн XIX чуулганыг “Өөрсдөө санаачилж, хамтдаа хийцгээе” нэрийн дор “Тэгш оролцоо-Хязгааргүй боломж” уриатайгаар 26 сумын 143 хүүхэд, өсвөр үеийнхний оролцоог ханган зохион байгуулж байна.Чуулганы арга хэмжээнд Төв аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Д.Мөнхбаатар оролцож хүүхэд багачуудад чанартай боловсролыг тэгш хүртээмжтэй эзэмшүүлэх, хөгжих, суралцахад анхааран эрүүл, аюулгүй, ая тухтай орчныг бүрдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн, тодорхой үр дүнд хүрсэн ажил, бүтээн байгуулалтын талаар мэдээллийг хүргэлээ. Мөн “Залуучуудын манлайлал - Гэр бүлийн хөгжлийг дэмжих” урианы жилийн хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлуудаа танилцуулж, чуулганд оролцогчдод амжилт хүслээ.Харин чуулганд оролцогч хүүхдүүд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, хүүхдэд ээлтэй орчин нөхцөлийг бий болгохын тулд шийдвэр гаргах түвшний хүмүүс болон өөрсдийн зүгээс хийж чадах асуудлын хүрээнд бичсэн төслөө танилцууллаа. Эдгээр төслүүдээс асуудлаа зөв тодорхойлж, оновчтой шийдэл гаргасан шилдэг төслийг шалгаруулан 1.000.000 хүртэлх төгрөгөөр шагнахаар шийдвэрлэсэнээ Төв аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Д.Мөнхбаатар нээлтийн үеэр хэлсэн үгэндээ онцолсон. Чуулган төслийн хэлэлцүүлэг, өртөөчилсөн үйл ажиллагаа, Төв аймгийн Хүүхдийн зөвлөлийн дэд тэргүүн, нарийн бичгийн даргыг сонгох үйл ажиллагаагаар үргэлжилж байна.

 

2024-04-25 09:00:00