• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
НҮБ-ИЙН ХҮҮХДИЙН САНГИЙН “УЛС ОРНУУДЫН ХӨТӨЛБӨР” МАНАЙ АЙМАГТ ХЭРЭГЖИНЭ
Монгол улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлж буй “Улс орнуудын хөтөлбөр”-ийг 2024-2025 онд аймаг, орон нутагтаа хэрэгжүүлж, хамтран ажиллах төлөвлөгөөнд аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан нар гарын үсэг зурсан билээ. Хамтын ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд: - Хүүхдийн хоол тэжээлийн шимт байдал, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих, энэ чиглэлээр ажилладаг эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах - Бага насны болон өсвөр насны боловсролын чанар, хүртээмж хязгаарлагдмал хүүхдүүдэд цахим шилжилтэд шилжих суурь болон зөөлөн ур чадварыг эзэмших, суралцах тэгш боломжоор хангах - Хүүхэд сургууль, албан байгууллага, олон нийтийн газар, цахим орчин хүчирхийллээс ангид байж, хүүхэд хамгааллын үр дүнтэй, чанартай тогтолцоо, үйлчилгээнд хамрагдах боломжийг орон нутгийн түвшинд хүртээмжтэй болгох - Орчны бохирдол, байгаль орчны доройтлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгийн эрсдэлийг даван туулах - Зудын эрсдэлийг даван туулах, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлд хамтран ажиллах юм. Өнөөдөр аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг, Эрүүл мэндийн газрын Удирдлага, төлөвлөлт санхүүгийн хэлтсийн дарга С.Бүжмаа, Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн ажлын хэсэг Баянчандмань суманд ажиллаж, Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Баянчандмань сум аймагтаа хүн амын нягтаршил хамгийн ихтэй сум юм. Сумын төв дундуур олон улсын чанартай хатуу хучилттай авто зам дайран өнгөрдөг, үйлдвэрлэл үйлчилгээ хөгжсөн, цаашдаа тээвэр, логистикийн томоохон төв болон хөгжих боломжтой гээд газар нутгийн хувьд онцлогтой. Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сан дээрх онцлогтой уялдуулан эхний ээлжинд Баянчандмань сумын Эрүүл мэндийн төвд нарны эх үүсвэрээр цахилгаан үйлдвэрлэх тоног төхөөрөмж суурилуулах ажлын хүрээнд газар дээр нь ажиллалаа. Нарны эх үүсвэрээр цахилгаан үйлдвэрлэх төхөөрөмж суурилуулснаар тог тасарсан ч тогтой байх нөхцөл бүрдэхээс гадна байгууллагын санхүүд хэмнэлттэй, байгаль дэлхийг бохирдуулахгүй гээд олон давуу тал бий болох юм. Энэ үеэр цаашид хамтран ажиллаж болох хөтөлбөрүүдийн тухай харилцан санал солилцлоо.

 

2024-04-11 15:00:00