• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН ТӨВ АЙМАГ ДАХЬ ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ 40 ЖИЛИЙН ХУГАЦААНД 20 ГАРУЙ МЯНГАН МЭРГЭЖИЛТЭЙ БОЛОВСОН ХҮЧНИЙГ БЭЛТГЭН ТӨГСГӨЖЭЭ
Зөв хандлага, зөв төлөвшилтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээ, ажил олгогчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн, өндөр ур чадвартай мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэхийг эрхэм зорилгоо болгон ажилладаг магадлан итгэмжлэгдсэн Төв аймаг дахь Политехник коллеж уламжлалт “Нээлттэй хаалганы өдөрлөг”-өө зохион байгууллаа. Ерөнхий боловсролын сургуулийн есдүгээр ангийн сурагчдад мэргэжлийн болон техникийн боловсролын салбарын тухай танилцуулж, тэдэнд зориулагдсан, насны онцлогт нь тохирсон сургалтыг зохион байгуулж, сургуулийн үйл ажиллагаа, хичээлийн байр, дадлагын газруудыг биечлэн танилцуулав. Өдөрлөгийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн сурагчдын дунд танин мэдэхүйн асуулт хариултын “Алтан хонх”, “3х3” сагсан бөмбөгийн тэмцээн, “Бид ирээдүйн тогооч” ур чадварын уралдааныг зохион байгуулсан нь шинэлэг, сонирхолтой арга хэмжээ байлаа. Политехник коллежийн давуу тал бол онолын мэдлэгээ дадлагын бааз түшиглэн хөгжүүлж, бататгадаг гэдгээрээ онцлог. Тийм ч учраас коллежийн суралцагчид мэргэжлийн ур чадвартай, өөрсдийн гэсэн арга барилтай, багаар ажиллах чадвар сайтай болж төгсдөг аж. Үүний нэгээхэн жишээ нь үе тэнгийн найзуудаа үдийн цайны цагаар дайлсан нарийн боов, хөнгөн зуушнаас харж болохоор. Магадлан итгэмжлэгдсэн Төв Политехник коллеж нь жилдээ 13 мэргэжлээр 350 гаруй оюутан, суралцагчдыг сургадаг. Орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдон 600 хүүхдийн хичээлийн байр, 120 хүүхдийн дотуур байр, онолын болон үйлдвэрлэлийн дадлага хийх 20 танхимтай гээд давуу тал ихтэй. Элсэгчид ихэвчлэн тогооч, үсчин, барилгын цахилгаанчин, гагнуурчин мэргэжлээр суралцах хүсэлтэй байдаг бөгөөд өөрийн хүссэн мэргэжлээ чанартай эзэмшиж төгсөх нь сургуулийн зорилготой уялддаг учир сургуулийн удирдлагууд, багш нар ч хамтдаа хичээдэг байдал ажиглагдав. Сүүлийн жилүүдэд мэргэжлийн боловсролын сургуулийн ач холбогдол, үнэ цэн нэмэгдэж, түүнийгээ дагаад мэргэжлийн ангиудаа нэмэх шаардлага гарч байгаа талаар сургуулийн удирдлага ярьсан юм. Мөн энэхүү арга хэмжээ нь дан ганц суралцагчдад бус Зуунмод сумын зургаан багийн ажил хайгч болон мэргэжилт эзэмшихээр төлөвлөж байгаа иргэдэд нээлттэй байсан нь онцлог байлаа.

 

2024-04-09 14:00:00