• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
БАЯНЧАНДМАНЬ СУМАНД 400 ТОННЫ БАГТААМЖТАЙ ТӨМС, ХҮНСНИЙ НОГОО ХАДГАЛАХ ЗООРЬ БАРИГДАЖ БАЙНА

Төв аймаг төмс, хүнсний ногооны тариалалтаараа улсдаа тэргүүлдэг. Аймгийн хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлтийн дагуу орон нутгийн иргэдийн хэрэгцээ, цаашлаад Улаанбаатар хотын иргэдийн хүнсний хэрэгцээг хангахад зориулж эрүүл хүнсийг жилийн 4 улиралд нийлүүлэх, хүнсний ногооны хадгалалтыг уртасгах, хамгаалалтыг сайжруулах чиглэлээр зоорийн аж ахуйг хөгжүүлэх төслийг боловсруулан ажиллаж байна. Тариаланч, ногоочдын хувьд байнга тулгамдаж байдаг асуудал бол хураан авсан ногооныхоо чанарыг алдагдуулахгүйгээр хадгалах зоорь, агуулахын асуудал юм. Үүнийг шийдвэрлэж эхний ээлжинд Баянчандмань суманд 400 тонны багтаамж бүхий зоорь барьж байгаа бөгөөд барилгын ажилтай аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар танилцлаа. Уг зоорийг аймгийн хөдөө аж ахуй, стратеги төлөвлөлтийн хүрээнд аймаг хөгжүүлэх сангийн 50 сая төгрөгийн зээлээр барьж байгаа юм. Энэхүү зоорь нь инженерийн зураг төслийн дагуу барилгын стандартаар баригдаж байгаа гэдгээрээ онцлогтой. Зоорийн аж ахуйтай болсноор тариаланчид, ногоочид маань төмс хүнсний ногоогоо эрүүл, чанартай хэвээр нь хадгалж, жилийн аль ч улиралд худалдан борлуулж, цаашлаад улирлаас шалтгаалсан үнийн өсөлт, бууралт гэх мэт зах зээлийн хэлбэлзэлгүй, тогтвортой байх боломж бүрдэнэ.

2021-10-08 10:31:53