• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДИЙН НАСНЫ ОНЦЛОГТ ТОХИРУУЛАН ХАРАА ШАЛГАХ ЧАДВАРЫГ ЭЗЭМШҮҮЛЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ, СУРГАГЧ БАГШ НАРЫГ БЭЛТГЭЖ БАЙНА
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газар, ORBIS олон улсын байгууллагаас “Сургууль цэцэрлэгийн хүүхдийн нүдний эрүүл мэндийг дэмжих” төслийг хэрэгжүүлж, манай аймгаас Хүмүүн цогцолбор сургууль, Дөрөвдүгээр сургууль, Тавдугаар сургууль, Батсүмбэр сумын сургууль, Хүмүүн цэцэрлэгийг сонгон багш , нийгмийн ажилтан, эмч нарыг сургагч багшаар бэлтгэж, хүүхдийн насны онцлогийг харгалзан хараа шалгах аргачлалыг эзэмшүүлэх сургалтыг зохион байгуулж байна. Сургалтын агуулгын хүрээнд эцэг эх, асран хамгаалагчид, хүүхэд багачуудад ч мөн нүдний эрүүл мэндийн боловсрол олгох юм. Сургалтын арга хэмжээнд ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг оролцож аймгийн хэмжээнд хүүхэд, багачуудын эрүүл мэндийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийж, сургалтад оролцогчдод амжилт хүслээ. Сургууль цэцэрлэгийн хүүхдийн насны онцлогийг харгалзан хараа шалгах чадварыг эзэмшүүлэх, сургагч багш нарыг бэлтгэх сургалт нь Английн хараа зүйн шинэ коллежийн профессор Брюс Мур, Швейцарын Биоком компанийн захирал, доктор Кеннет Ёонстейн, Клиникийн профессор, Анагаах ухааны магистр, хүүхдийн нүдний эмч Г.Нансалмаа, Анагаах ухааны магистр, нүдний эмч Л.Түмэнжаргал нар удирдан явуулж байна. Гурван жилийн турш хэрэгжих уг төслийн үр дүнд сургууль, цэцэрлэгийн багш, ажилчид, эцэг эхчүүд хүүхдийнхээ насны онцлогт тохирсон аргачлалаар хараазүйн эмгэг, харааны бэрхшээл байгаа эсэхийг мэдэх хэмжээний мэдлэг, ур чадвартай болсон байх талаар зохион байгуулагчид онцолж байв. Төслийг Улаанбаатар хотын нэг дүүрэг, зургаан аймгийн 33 сургууль, цэцэрлэгт хэрэгжүүлж байгаа бөгөөд нийт 37400 хүүхдийг харааны үзлэгт хамруулахаар төлөвлөжээ.

 

2024-04-02 09:00:00