• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ЗУУНМОД ХОТЫН СОЁЛЫН ТӨВИЙГ МУГЖ, ЗУУНЫ МАНЛАЙ ХОС ДУУЧИН С.ВАНДАН, Д.ДУЛАМСҮРЭН НАРЫН НЭРЭМЖИТ БОЛГОЛОО
Улсын хэмжээнд жил бүрийн Есдүгээр сарын хоёр дахь 7 хоногийн бүтэн сайн өдрийг “Урлагийн ажилтны өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жилийн урлагийн ажилтны баярыг тохиолдуулан Төв аймгийн Зуунмод хотын ИТХ-ын шийдвэрээр Зуунмод хотын Соёлын төвийг МУГЖ, Зууны манлай хос дуучин С.Вандан, Д.Дуламсүрэн нарын нэрэмжит болгосон тухай шийдвэрийг Зуунмод хотын Засаг дарга бөгөөд Хотын захирагч Ч.Сарангэрэл гардуулан өглөө. Төв аймгийн хоёр гавьяатын хувьд энэ л театраас ажил, амьдралын гараагаа эхлүүлэн, эдүгээг хүртэл 50 гаруй жил тасралтгүй уран бүтээлээ туурвиж, ард олноо баясгасаар байгаа билээ. Мөн энэ үеэр Зуунмод сумын иргэн Г.Баасанжавыг "Соёлын тэргүүний ажилтан" цол, тэмдэг, С. Больнямсанг "Ардын авьяастан" цол тэмдэг, Г.Азжаргалыг "Зуунмод сумын Засаг даргын Жуух бичиг" -ээр шагнасан юм.
Урлаг, соёлыг тасралтгүй хөгжүүлэх үйлсэд хүчин зүтгэж, хойч үедээ уламжлан үлдээх, өвлүүлэх, үзэгч түмэндээ шинэ уран бүтээл хүргэхийг цаг ямагт зорин ажилладаг нийт уран бүтээлчид, урлаг соёлын байгууллагын ажилчиддаа баярын мэнд хүргэе. Урлагийн Янжинлхам бурхан өнөд ивээх болтугай.
2021-09-11 12:08:08