• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ТӨВ АЙМАГ ИРЭЭДҮЙН ЧАДВАРЛАГ ИНЖЕНЕРҮҮДИЙГ БЭЛТГЭХЭД АНХААРЧ, ФИЗИКИЙН ХИЧЭЭЛИЙН ЦОГЦ БАГАЖ, ХЭРЭГСЛИЙГ 10 СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬД ГАРДУУЛАН ӨГЛӨӨ
Аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар аймаг, орон нутгийн төсвөөс 90 сая төгрөг шийдвэрлэж, Бүрэн, Жаргалант, Заамар 1 дүгээр сургууль, Цээл, Лүн, Эрдэнэсант, Зуунмод 5 дугаар сургууль, Борнуур, Эрдэнэ, Баянчандмань сумын Ерөнхий боловсролын сургуулиудад тус бүр нь есөн сая төгрөгийн үнэ бүхий физикийн хичээлийн цогц багаж, судалгаа, арга зүйн иж бүрдлийг хүлээлгэн өглөө. Байгалийн шинжлэх ухаан, тэр дундаа физикийн шинжлэх ухааны хичээлийн суурийг сайжруулах замаар ирээдүйд улс орныг хөгжүүлэх сайн инженерүүдийг бэлтгэхэд чиглэсэн уг хөтөлбөрийг цаашид бүх сургуульд хэрэгжүүлнэ. Байгалийн ухааны хичээлийн онцлог нь онолын мэдлэгээ дадлага ажил дээр бататгах боломжтой байдаг. Энэ ч утгаараа сургалтын агуулга сонирхолтой болж, тухайн хичээлийн талаарх мэдлэг нэмэгдэж, чадварт суралцахаас гадна багаар ажиллах чадварт давхар суралцах ач холбогдолтой юм. 2024 оныг Төв аймаг “Залуучуудын манлайлал - Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд нийгмийн салбар тэр дундаа боловсролын салбарт онцгойлон анхаарч орон нутгийн төсвөөс 8.9 сая тэрбум төгрөгийг тусгаж өгсөн. Уг хөрөнгө оруулалтын дийлэнх хэсэг нь хүүхэд хөгжил, хамгааллын ажилд зориулагдах юм. Тухайлбал энэ онд Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад суралцаж байгаа дөрвөн настай хүүхдүүдийн тоглоом хангалтыг нэмэгдүүлэх, “Хүүхэд бүрт сүү”, “Хүүхдийн автобус” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээс гадна “Багш бүрт компьютер” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Мөн Олон улсын байгууллагуудтай хамтран олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Энэ үеэр Аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар Төв аймгийн боловсролын байгууллагын удирдлагуудтай уулзаж 2023 онд хийж хэрэгжүүлсэн ажлууд болон 2024 онд хийхээр төлөвлөгдөж байгаа ажлын талаар товч мэдээлэл хийж, анхаарах асуудлаар үүрэг чиглэл өглөө.

 

2024-03-15 15:00:00