• +976-7027-3911
  • admin@tov.gov.mn
3X3 САГСАН БӨМБӨГИЙН ТАЛБАЙ ЗУУНМОД ХОТОД НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Монгол орон даяар салбар нэгжтэй Хаан банк түүхт 30 жилийн ойгоо тохиолдуулан нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүүхэд, залуус, өсвөр үеийнхний сагсан бөмбөгийн спортоор хичээллэх, эрүүл мэндийг дэмжих, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор 21 аймагт 3х3 сагсан бөмбөгийн талбайг байгуулахаар ажлаа эхлүүлж байсан бол өнөөдөр энэхүү томоохон ажлын анхдагч болгон Төв аймгийн Зуунмод хотноо олон улсын стандартад нийцсэн талбайг барьж, байгуулан ашиглалтад хүлээлгэн өглөө. Нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ц.Буманбуян, Зуунмод хотын ИТХ-ын дарга Г.Мөнхбадрал, Зуунмод хотын Засаг дарга бөгөөд хотын захирагч Ч.Сарангэрэл, Хаан банкны Төв салбарын захирал Б.Золбаяр болон албаны бусад төлөөлөл оролцлоо. Энэхүү олон улсын стандартад нийцсэн, эрүүл ахуйн шаардлага хангасан зориулалтын резинэн зөөлөвчтэй шал, материал, тоноглолоор хийгдсэн 3х3 сагсан бөмбөгийн талбай ашиглалтад орсноор “Хүний хөгжил-Эрүүл мэндийг дэмжих” урианы жилийн ажил болон Зуунмод хотын 80 жилийн ойг угтсан “80-Бүтээлч ажил” арга хэмжээнд чухал ач холбогдолтой бүтээн байгуулалт болж байна.
Төв аймгийн хүүхэд залуус спортоор, тэр дундаа сагсан бөмбөгийн спортоор хичээллэх дуртай, шигшээ баг нь улсын хэмжээний томоохон уралдаан тэмцээнд амжилт үзүүлдэг түүчээ аймаг юм. Насанд хүрэгчдийн сагсан бөмбөгийн “Төв Ургац” баг лигийн тэмцээнд амжилттай оролцож дэд байр эзэлсэн бахдам амжилтыг энд дурдах нь зүйтэй. Мөн сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багт манай аймгаас ОУХМ Д.Дэлгэрням, спортын мастер А.Батхуяг нар амжилттай тоглож байгаа, Төв аймгийн Дэлгэрхаан сумын уугуул МУГТ Ц.Шаравжамцын нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг, 2019 онд “Төв + Хөгжлийн лиг”-ийн тэмцээнийг аймагтаа зохион байгуулсан нь сагсан бөмбөгийн спорт Төв аймагт эрчимтэй хөгжиж буйг илтгэж байгаа хэрэг билээ.
2021-09-11 12:07:10