• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.МӨНХБААТАР: БИД УРГАЦ ХУРААЛТЫН ЦӨӨХӨН ХОНОГТ ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛ БАЙДАЛД ТОХИРУУЛАН АЖЛАА ЗӨВ ТӨЛӨВЛӨЖ, УРГАЦАА ХАЯГДАЛГҮЙ ХУРААЖ АВАХ НЬ ЧУХАЛ БАЙНА
Төв аймагчууд энэ онд үр тариа 77.5 мянган га, улаанбуудай 68.7 мянган га, төмс 12.3 мянган га, хүнсний ногоо 1.6 мянган га, тосны ургамал 25.6 мянган га, тэжээлийн ургамал 44.1 мянган га-д тус тус тариалалт хийсэн. Газар тариалангийн салбарт авч хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, ажилч хичээнгүй тариаланч, ногоочдынхоо нөр их хичээл зүтгэлийн үр дүнд дэлхий даяар цар тахал дэгдсэн энэ хүнд цаг үед 161.1 мянган га талбайд тариалалт хийж, үйлдвэрлэлээ таримлын нэр төрөл бүрээр өсгөн нийт 37.6 мянган га талбайгаар нэмэгдүүлж, ургацын урьдчилсан баланс тогтоолтоор нийт 381.2 мянган тонн ургац хураан авах бодит боломж бүрдээд байгаа юм. Өнөөдрийн байдлаар тариаланчид маань үр тариа үүнээс улаанбуудай 50 га-г ангилсан, төмс 223 га-аас 2160 тн буюу нэгжээс 97,0 цн, хүнсний ногоо 107 га-аас 1481тн буюу нэгжээс 138 цн, тосны ургамал 600 га-аас 300 тн ургац тус тус хураан аваад байна. Энэ жил таримлын ургалтын хугацаанд хур тунадас их орсноос шалтгаалан үр тариа, төмс, хүнсний ногоо, таримал тэжээлийн болц удааширч, ургац хураалт оройтох хандлагатай байгаа юм. Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар ургац хураалтын цаг үеийн мэдээлэлтэй танилцаж, анхаарах асуудлаар үүрэг чиглэл өглөө.
- Сумдын ургацын штабын гишүүд болон Засаг дарга нар аймгийн ургац хураалтын ажлыг технологит хугацаанд зөв төлөвлөн, ургацыг хаягдал багатай шуурхай хураан авахад анхаарч, удирдлага зохион байгуулалтаар хангах
- Ургац хураалтын үед цар тахлын халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулах, халдвар тархахаас урдчилан сэргийлэх арга хэмжээ авах, хяналт тавих
- Цочир хүйтрэх үед талбай дээр шуудайтай ногоо хонуулахгүй байх, хучлага хэрэглэх
- Төмс хүнсний ногоо хадгалах зоорийн ариутгалыг сайн хийх
- Дараа жил тариалах үрийг нөөцлүүлэх, хяналт тавих
- Таримал тэжээлийн борлуулалтад анхаарч, тал хээрийн сумдын удирдлагатай холбогдож ажиллах
- Сумдын ургацын штабын үйл ажиллагааг эрчимжүүлэх
- Үрийн хянан баталгаа хийх ажлын хэсэг томилох
2021-09-07 15:44:20