• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.МӨНХБААТАР ДЭМБ-ЫН МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ, АЛБАНЫ БҮРЭЛДЭХҮҮН, ЭМЯ-НЫ ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Уулзалтад Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, аймгийн ЭМГ-ын дарга С.Мөнхтуяа, аймгийн Нэгдсэн эмнэлгийн удирдлагууд болон ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сокорро Эскаланте, ДЭМБ-ын Өвчний хяналтын багийн ахлагч Субхаш Ядав, ДЭМБ-ын Халдварт өвчин болон дархлаажуулалтын асуудал хариуцсан мэргэжилтэн П.Анузаяа,ДЭМБ-ын НЭМ-ийн ноцтой байдлын асуудал хариуцсан багийн мэргэжилтэн Д.Гэрэлмаа, Ц.Номин-Эрдэнэ, ЭМЯ-ны Лавлагаа шатлалын тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн Ц.Тунгалагтамир нар оролцов. Уулзалтын эхэнд аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар аймгийн ерөнхий танилцуулга болон өвөлжилт, хаваржилт, зудын нөхцөл байдлын мэдээллийг хүргэсэн бол аймгийн ЭМГ-ын дарга С.Мөнхтуяа Эрүүл мэндийн салбарын мэдээлэл болон цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хийж хэрэгжүүлж байгаа ажил, үйлчилгээ, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлынхаа талаар мэдээлэл өгч, ДЭМБ-аас Монгол улсад хэрэгжүүлж байгаа томоохон төслүүдэд хамрагдах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Манай аймаг ДЭМБ хоорондын хамтын ажиллагааны хүрээнд 2015 оноос аймгийн хэмжээнд хэрэгжиж эхэлсэн “Сум, баг бүрт хүрч үйлчилье” төсөл, алслагдсан сум багт эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хурдан шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилгоор “Мобайл технологи”-ийн үйлчилгээг тус тус нэвтрүүлсэн нь одоог хүртэл амжилттай хэрэгжсээр байна. ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сокорро Эскаланте хэлэхдээ ДЭМБ нь үндэсний хэмжээнд дэмжлэг үзүүлдэг байгууллага. Бид орон нутгийн Засаг захиргааны чадавхийг бэхжүүлэх, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлдэг багийн эмч нарыг чадавхжуулахад ихээхэн анхаарч ажиллаж байна. Мөн цаашид тулгарч болох гамшигт нөхцөл байдалд хэрхэн бэлэн байх вэ, бид хариу арга хэмжээний чадавхаа хэрхэн сайжруулах вэ гэдэг дээр анхаарлаа хандуулж ажиллана гээд хүн бүрт тусламж үйлчилгээг хүртээмжтэй хүргэхэд хамтран ажиллахаа илэрхийллээ. Энэ үеэр өвөлжилт, хаваржилтын хүндхэн нөхцөл байдалд иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх багийн эмч нарыг дэмжиж эмнэлгийн анхны тусламжийн эм, эмнэлгийн хэрэгслийн иж бүрдэлийг Баруун-Зуунмод ӨЭМТ, Сэргэлэн сумын ЭМТ-ийн 10 багийн эмч нарт гардуулан өглөө.

 

2024-02-27 09:00:00