• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ АМЬ ТЭНССЭН ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ҮЕД НЭН ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖҮҮДЭЭР ХАНГАГДЛАА
Төв аймаг, БНСУ-ын Кёнги аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран ажиллах гэрээг өнгөрсөн оны 10 дугаар сард үзэглэсэн. Энэхүү гэрээнд тусгагдсан ажлууд бодит ажил хэрэг болж байна. Өвчтөний амин үзүүлэлтүүдийг хянах, зүрхний бичлэг хийх зориулалт бүхий хяналтын монитор, диодын лазер буюу судас нөхөн сэргээх лазер эмчилгээний аппарат, яс ургалтыг хянах, үрэвслийг дарах лазер эмчилгээний аппарат зэрэг амь тэнссэн яаралтай тусламжийн үед нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг өнөөдөр аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, ЗДТГ-ын НБХ-ийн дарга Д.Мөнхцэцэг, ЭМГ-ын дарга С.Мөнхтуяа нар Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өглөө. Уг тоног төхөөрөмжүүд нь орчин үеийн эмнэлгийн үйлчилгээний стандартад бүрэн нийцсэн, зөөвөрлөхөд хялбар байгаа тухай эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн зүгээс онцолж байв. БНСУ-ын Кёнги аймгийн Эрүүл мэндийн газраас хамтын ажиллагааныхаа хүрээнд иж бүрэн тоноглогдсон эмнэлгийн тусламж үйлчилгээний автомашин өгснийг Жаргалант сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгч сумын иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа аж. Түүнчлэн Төв аймгийн Эрүүл мэндийн байгууллага Кёнги аймгийн Эрүүл мэндийн газартай эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх зэргээр хамтран ажиллахаас гадна эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээ суралцуулах, дадлагажуулах, харилцан туршлага солилцох ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна.

 

2024-02-15 12:00:00