• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
“ЦАГААН САР-2024” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНД 212 ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧ, БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙН 270 НЭР ТӨРЛИЙН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН ХУДАЛДААЛАГДАЖ БАЙНА
Монголчуудын уламжлалт сар шинийн баярын өдрийг угтан жил бүр зохион байгуулдаг “Цагаан сар” үзэсгэлэн худалдаа Төв аймгийн Зуунмод хотын “Солонго цогцолбор”-т нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, ОХУ-ын Буриад улсын Засгийн газрын гишүүн, Монгол улстай хамтран ажиллах Буриад улсын сайд Чирипов Даба-Жалсан Шагжаевич, үзэслэгэн худалдаа зохион байгуулах ажлын хэсгийн дарга бөгөөд аймгийн ХХААГ-ын дарга Н.Гантулга, 26 сумын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, баялаг бүтээгчид, иргэд оролцлоо. Үзэсгэлэн худалдаанд 26 сумын 212 жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, баялаг бүтээгчдийн үйлдвэрлэсэн сүү, сүүн бүтээгдэхүүн, цагаан идээ, мах, махан бүтээгдэхүүн, хүнсний ногоо, аж үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн зэрэг 270 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн худалдаалагдаж байгаа бөгөөд та бүхэн дундын шат дамжлагагүйгээр үйлдвэрлэл эрхлэгчдийн гар дээрээс шууд худалдан авалт хийх боломжтой.Монгол улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”, Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж-Аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн, Төв аймгийн “Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлт”-ийн хүрээнд Төв аймаг үйлдвэрлэл эрхлэгчдээ олон талаар дэмжин, хамтран ажилласны үр дүнд аймгийн Дотоодын нийт бүтээгдэхүүн 1 их наяд төгрөгт хүрч, зөвхөн 2023 онд 5 үйлдвэр, 60 цех шинээр байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд ОХУ-ын Буриад улсын Засгийн газрын гишүүн, Монгол улстай хамтран ажиллах Буриад улсын сайд Чирипов Даба-Жалсан Шагжаевич оролцож байгаа нь онцлогтой. Төв аймгийн үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг Буриад улсад байрлах худалдааны цэгт борлуулж, тус улсын зах зээлд таниулах нөгөө талаар Төв аймагт Буриад улсын бүтээгдэхүүнийг худалдан борлуулах зэргээр хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлж, баялаг бүтээгч, үйлдвэрлэл эрхлэгчдээ олон улсын зах зээлд гаргах томоохон боломж бүрдэж байгаа юм.

 

2024-01-25 15:00:00