• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ЯПОН УЛСЫН "ӨВСНИЙ ҮНДЭС - ХҮНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ"-ИЙН 817.4 САЯ ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТЭЭР 2024 ОНД ӨНДӨРШИРЭЭТ СУМЫН ЕБС-ИЙН БАРИЛГАД ИХ ЗАСВАР ХИЙНЭ
Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар болон Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү нар Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих төслийн гэрээг өнөөдөр үзэглэлээ. Уг төслийн хүрээнд Өндөрширээт сумын Ерөнхий боловсролын сургуульд 817.4 сая төгрөгийн засварын ажил хийгдэх юм. 1985 онд ашиглалтад орсон, мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр цаашид ашиглах боломжгүй гэгдээд байсан тус сургуулийн дээвэр, гадна фасад, дотор засал, цахилгаан шугам зэргийг иж бүрэн засварлах бөгөөд төсөл хэрэгжсэнээр 270 гаруй суралцагч чанартай боловсрол эзэмших, 40 орчим багш, ажиллагсад тав тухтай орчинд ажиллах нөхцөл бүрдэж байна. Дашрамд дурдахад Өндөрширээт сумын Ерөнхий боловсролын сургуульд суралцагчдын тоо жилээс жилд 30-40 суралцагчаар тогтмол нэмэгдэж байгаа нь уг төслийг хэрэгжүүлэх гол хөшүүрэг болсон талаар сургуулийн удирдлага онцолсон. Япон улсын Засгийн газар Монгол улсад 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл 34 жилийн турш “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа ба энэ удаагийн төсөл нь улсын хэмжээнд хэрэгжих 599 дэх, Төв аймагт хэрэгжих 24 дэх төсөл болж байна.

 

2024-01-17 17:00:00