• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР 2023 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГИЙН ХУРЛАА ХИЙЛЭЭ
Аймгийн Цагдаагийн газар 2023 онд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчилд дүн шинжилгээ хийсэн танилцуулга, тайлангийн хурлаа хийлээ. Үүнд дуудлага мэдээлэл, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллийн шийдвэрлэлт, бүртгэгдсэн гэмт хэрэг, түүний хөдөлгөөн болон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашид хэрэгжүүлэх ажлын талаарх санал дүгнэлтээ хэлэлцлээ. Төв аймгийн хэмжээнд 2023 онд нийт бүртгэгдсэн дуудлага мэдээлэл 20,4 хувиар өссөн хэдий ч бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 688 болж өмнөх оноос 8.8 функцээр буурсан, хэрэг илрүүлэлт 64,9 хувьтай, өмнөх оны мөн үеэс 0,7 хувиар өсөж, улсын дунджаас 7.8 пункцээр өндөр мэдээтэй байна.
ИТХ-ын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ц.Жамбалсүрэн хэлсэн үгэндээ: - Өнгөрөгч онд Төв аймагт бүртгэгдсэн гэмт хэргийн тоон мэдээллээс дүгнэн үзэхэд 2024 онд мансууруулах төрлийн ургамал ургадаг, хүн амын төвлөрөл их сумдын хүүхэд, залуучуудын дунд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг олон талт хэлбэрээр зохион байгуулах, - Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, - Сумдын хамтарсан багтай хамтран гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, үйлдэж болзошгүй, хүчирхийлэлд өртөж хохирч болзошгүй, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдэж болзошгүй иргэдийн судалгааг нарийвчлан гаргаж, урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажлыг үр дүнтэй зохион байгуулах нь зүйтэй гэдгийг онцлон дурдлаа. 2023 онд Аймгийн ИТХ-аас “Телекамер” хөтөлбөр, төсвийг батлан аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж эхлээд байна. Хөтөлбөр хэрэгжсэнээр 2024 онд аймгийн төвд хяналтын камерын нэгдсэн систем нэвтрүүлж, “Ногоон бүс” болгох цаашлаад 27 сумыг холбох, улсын чанартай зам дайран өнгөрдөг сумдыг хурдны камертай болгох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Мөн аймгийн ГХУСАЗСЗ-ийн санхүүжилтээр Төв аймгийн хэмжээнд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөл, нөлөөлөх хүчин зүйлс, түүнтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны өнөөгийн байдлыг криминологийн шинжлэх ухааны үүднээс үнэлж, шаардлагатай санал, зөвлөмж боловсруулах зорилгоор Криминологийн судалгааг хийлгэх ажилд Цагдаагийн албан хаагч та бүхэн хариуцсан ажлын хүрээнд идэвх, хариуцлагатай оролцохыг уриаллаа. Аймгийн Цагдаагийн газрын 2023 оны үйл ажиллагааны үр дүнгээр Төв аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасаг “Эрүүгийн цагдаагийн албаны 2023 оны тэргүүний хамт олон”- оор, Нийтийн хэв журам хамгаалах тасаг “Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны 2023 оны аварга"-р тус тус шалгарсан амжилт гаргасанд баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.
ИТХ-ын Ажлын алба, ГХУСАЗСЗөвлөл
2024-01-15 14:00:00