• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ТӨВ АЙМГИЙН ХӨДӨӨ АЖ АХУЙ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨЛТ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА
Аймгийн эдийн засгийн үндсэн салбар хөдөө аж ахуй, боловсруулах салбарын үйлдвэрлэлийн хөгжлийг хангах, иргэдийн орлого, амьжиргаа, амьдралын чанарыг дээшлүүлэх бодлого зорилтын хүрээнд “Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлт”-ийг боловсруулан амжилттай хэрэгжүүлж байна. “Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлт”-д 24 төсөл хэрэгжүүлэхээр тусгагдсан бөгөөд энэхүү ажлын хүрээнд Аймгийн ЗДТГ, Макс групп “Сүү” ХК-тай байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийг үндэслэн Борнуур суманд сүү бэлтгэн нийлүүлэгчдийн “Арангат Баян хангай” хоршоо нээлтээ хийлээ.
Нээлтийн арга хэмжээнд төслийг санаачлагч, Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, “Макс” групп “Сүү” ХК-ний гүйцэтгэх захирал М.Болод, Борнуур сумын удирдлагууд, малчид, саальчид оролцлоо. Төв аймаг стратеги төлөвлөлтийнхөө хүрээнд мах, сүүний аж ахуй байгуулахаар төлөвлөсөн юм. Энэхүү хоршоо байгуулагдсанаар нийлүүлэгчдийн хувьд нэгдсэн нэг цэгт бүтээгдэхүүнээ муудаж гашлахаас нь өмнө тушаах, хэрэглэгчдийн хувьд эрүүл эко бүтээгдэхүүнээр хангагдах зэрэг олон том давуу талууд бий болж байгаа юм. “Арангат Баян хангай хоршоо” нь Аймгийн Засаг даргын санаачлага, дэмжлэгтэйгээр байгуулагдаж буй 3 дахь хоршоо бөгөөд өмнө нь Баянчандмань, Батсүмбэр сумдад мөн сүү бэлтгэн нийлүүлэгчдийн хоршоог тус тус байгуулсан юм.
2021-08-23 19:37:25