• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
“ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙГ ОРОН НУТАГТ НУТАГШУУЛЪЯ” АЯН – ТӨВ АЙМАГТ
Боловсрол шинжлэх ухааны яам, Шинжлэх ухаан технологийн сан, Монгол улсын Шинжлэх ухааны академиас шинжлэх ухаан, технологи, инновацийн ололт амжилтыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, орон нутагт тулгамдаж буй асуудлыг шинжлэх ухаанд тулгуурлан шийдвэрлэх, мэдээллийн технологийн боломжийг таниулах, эрдэм шинжилгээний ажлын үр дүнг үйлдвэрлэл үйлчилгээнд нэвтрүүлэх чиглэлд орон нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Шинжлэх ухаан, технологи, инновацийг орон нутагт нутагшуулъя” аяныг Төв аймагт зохион байгуулж байна. Аяны хүрээнд олон талт үйл ажиллагааг зохион байгуулж байгаа бөгөөд Шинжлэх ухаан технологийн сангаас “Бүс нутгийн хөгжилд инновац, технологийн үзүүлэх нөлөө” бодлогын хэлэлцүүлгийг өрнүүлж байгаа юм. Хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, ЗДТГ-ын хэлтэс, харьяа агентлаг, сумдын төлөөлөл, төрийн бус байгууллагын төлөөлөл, Их дээд сургууль, эрдэм шинжилгээ, судалгааны болон хувийн хэвшлийн байгууллагууд оролцож байна. Хэлэлцүүлэг үндсэн илтгэлээс гадна "Орон нутгийн хөгжил", "Түүхэн аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэл", "Хөдөө аж ахуйн хөгжил" гэсэн салбар хэлэлцүүлгээр үргэлжилж байна. Мөн энэ үеэр ахуйн хэрэглээ, малын тэжээл, эмчилгээний бүтээгдэхүүн, био бэлдмэл, гоо сайхан, мэдээллийн технологи, уламжлалт эм тан, хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх бүтээгдэхүүн, бои бордоо, үр сортууд, хонь хяргах явуулын төхөөрөмж, утаагүй зуух, ноолуур сүлжмэл эдлэл зэрэг инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэнг дэлгэж, 20 орчим эрдэм шинжилгээний байгууллага, гарааны компаниуд эрдэм шинжилгээний ажлын үр дүнд бий болсон инновацийн бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулж байна.

 

2024-01-11 10:00:00