• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
МОНГОЛ УЛСЫН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАЛЦСАН АРДЫН ИХ ХУРЛЫН ДЕПУТАТУУДАА ХҮЛЭЭН АВЧ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Ардын их хурлын 430 депутатыг эх орны дөрвөн зүг найман зовхисоос сонгон улсынхаа Тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа бататгаж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэн дээдэлж, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэхээр ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталсан байдаг. Ардын их хуралд Төв аймгаас 30 депутат сонгогдон шинэ үндсэн хуулиа батлалцсан бөгөөд өдгөө 14 депутат энх тунх амьдарч байна. Монгол улсын анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 100 жил, шинэ Үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ойг тохиолдуулан ИТХ-ын ажлын алба, ЗДТГ-аас шинэ Үндсэн хууль батлалцсан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ. Арга хэмжээний хүрээнд аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар аймгийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийсэн бол Ардын Их хурлын депутатууд нутгийн захиргааны албан хаагчдад шинэ Үндсэн хууль батлалцсан дурсамжаа хуваалцаж, төрийн албан хаагчдын сонирхсон асуултад хариулт өгсөн юм. 1992 оны шинэ Үндсэн хууль бол манай орны нийт хүн амыг нийгмийн анги, давхраа, үзэл бодлоор ялгаварлалгүй, нийтлэг ашиг сонирхлыг нь хамгаалж, хүн төрөлхтний хөгжлийн жам ёсыг баримтлан илэрхийлсэн ардчилсан Үндсэн хууль гэж Монголын ард түмэн нийтээр хүлээн зөвшөөрдөг билээ. Мөн энэ үеэр Төрийн архивын алтан сан хөмрөгт хадгалагдаж байгаа Ардын Их Хурлын депутатуудын фото зураг, холбогдох баримт бичгийг дэлгэн, "Баримт түүх өгүүлэх нь" сэдэвт үзэсгэлэнг дэлгэсэн юм.
2024-01-10 12:00:00